Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Даргынхаа зохисгүй ярианы бичлэгийг нийтэд дэлгэсэн эмэгтэйд Индонезийн ерөнхийлөгч өршөөл үзүүллээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Макнунд (голд нь байгаа) Индонезийн ерөнхийлөгч өршөөл үзүүллээ

Лхагва гарагт Индонезийг шуугиулж байсан бэлгийн дарамтын нэгэн хэрэг эцэслэн шийдэгджээ.

Тус улсын Ломбок арлын Матарам хотын сургуульд багшилдаг, гурван хүүхдийн эх, 37 настай Байк Нурил Макнун гэдэг эмэгтэйд дарга нь байнга бэлгийн дарамт үзүүлдэг байв. 

Тэр нэг удаа даргынхаа утсаар ярьсан бичлэгийг баримт болгон аваад хотын боловсролын газарт гомдол мэдүүлсэн байна. Зохисгүй, эрээ цээргүй үг хэллэгтэй бичлэгийг сүүлд хэн нэг нь сошиал сүлжээнд тараасан юм.

Бичлэг тарсны дараа ажлаасаа халагдсан дарга нь багш эмэгтэйг “нэр хүндэд халдсан” хэргээр шүүхэд өгчээ. Анхан шатны шүүх багш эмэгтэйг буруугүйд тооцсон ч прокурорууд дээд шүүхэд хандсанаар арваннэгдүгээр сард зургаан сарын хорих ял, 500 сая рупигийн ($35,200) торгууль төлүүлэх шийтгэлийг оноосон юм.

Макнун дээд шүүхэд давж заалдсан ч шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Индонезийн ерөнхийлөгч Видодо хэрвээ Макнун давж заалдах шатанд ялагдвал өршөөл үзүүлнэ гэдгээ өмнө нь амлаад байсан юм.

Ерөнхийлөгчийн үзүүлсэн өршөөлийг өчигдөр Индонезийн парламент хэлэлцээд дэмжсэн шийдвэр гаргажээ. Парламентад хандаж үг хэлэхдээ Макнун “Би энэ хэргээс болж их зовсон. Миний үзсэн зовлонг дахиж өөр хэн ч битгий үзээсэй. Эмэгтэйчүүд дуу хоолойгоо хүргэх зоригтой байх ёстой” гэж ярьсан байна.

264 сая хүн амтай Индонез улс нь дэлхийн хамгийн олон ислам шашинтантай оронд тооцогддог. Энэ улсын зарим мужуудад Исламын хэт хуучинсаг үзэл ноёрхож, шариатын хууль үйлчилдэг юм.

Макнунд өршөөл үзүүлсэн явдал нь тус улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үйлсэд чухал түлхэц болсныг хүний эрхийн байгууллагууд үнэлж байна.

 

Эх сурвалж: BBC