Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Авлигын хэрэгт шалгагдаж байгаа Киргизийн экс ерөнхийлөгч Путинээс тусламж гуйжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Зүүн гараас Сооронбай Жээнбеков, Алмазбек Атамбаев нар

Киргизийн экс ерөнхийлөгч Алмазбек Атамбаев өнгөрсөн Лхагва гарагт Москвад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзжээ.

Тэрээр эх орондоо авлигын хэрэгт шалгагдаж, хувь заяа нь дээсэн дөрөөн дээр байгаа юм. 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулиар Атамбаев одоогийн ерөнхийлөгч Сооронбай Жээнбековыг дэмжиж, өөрийнх нь бодлогыг залгамжлах хүн хэмээн зарлаж байв.

Ажиглагчид түүнийг Жээнбековын ард нуугдаж, нэр нөлөөгөө хадгалж үлдэх зорилготой хэмээн хардаж байсан юм. Гэвч үйл явц түүний бодсоноор болоогүй.

Жээнбеков ерөнхийлөгчөөр сонгогдмогцоо Атамбаевын эсрэг ажиллаж эхэлсэн. Өмнөх ерөнхийлөгчийн засаг захиргаанд ажиллаж байсан албан тушаалтнуудыг ээлж дараалан шалгаж, өнгөрсөн сард Атамбаевын халдашгүй эрхийг Киргизийн парламент цуцлах шийдвэр гаргажээ.

Үр дүнд нь хуулийн байгууллага экс ерөнхийлөгчийн авлигын хэргийг шалгах боломж нээгдсэн юм.

Энэ сард Киргизийн дотоод хэргийн яам Атамбаевыг ирж байцаалт өгөхийг гурван удаа шаардсан ч тэр шаардлагыг биелүүлээгүй байна.

Тэрээр нийслэл Бишкекийн ойролцоох өргөөндөө бүгж, дэмжигчдээрээ хүрээлүүлээд байгаа юм.

Тэгвэл Атамбаев ОХУ-ын ерөнхийлөгчтэй хувийн уулзалт хийхдээ одоогийн ерөнхийлөгч Жээнбековтой эвлэрүүлж өгөхийг хүссэн тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Уулзалтын үеэр юу яригдсаныг нууцалж байгаа ч дараа нь Владимир Путин хэвлэлд ярихдаа Киргизийн ард түмэнд одоогийн ерөнхийлөгч Жээнбековыг тойрон нягтарч, хамтарч ажиллахыг уриалсан байна.

“Киргизистанд хэд хэдэн удаа улс төрийн гүн хямрал болж байсан. Одоо энэ улсад тогтвортой байдал чухал байна” гэж тэр хэлжээ.

Төв Азийн судлаач Аркадий Дубнов энэ тухай ярихдаа “Москвад болсон уулзалтын дараа Киргизийн прокурорын газар байр сууриа өөрчлөх магадлалтай. Хэрвээ Москва энэ улсын дотоод зөрчлийг шийдвэрлэхэд тусалж чадвал Орос улсын нөлөө нэмэгдэж, жинхэнэ том ахын байр сууриа бэхжүүлэх юм” гэж хэлсэн байна.

 

Эх сурвалж: Коммерсант