Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

А.Мөнгөнцэцэг: Нөхөр маань үүргээ гүйцэтгэж яваад түлэгдэж, хоёр гар нь ажиллагаагүй болчихоод байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Албан үүргээ гүйцэтгэж яваад хохирсон онцгой байдлын алба хаагч Э.Үнэнбатын ар гэр, Босоо Хөх Монгол ТББ-тай хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ.

Э.Үнэнбат 2019 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд гарсан ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байгаад түлэгдэж, хоёр гар нь ажиллагаагүй болсон байна.

 
Гэрэл зургийг Мpa.mn

Босоо хөх Монгол ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг "Ахлах ахлагч Э.Үнэнбат нь Орхон аймгийн онцгой байдлын газарт 19 жил ажиллаж, эцэст нь ой хээрийн түймэр унтраах гэж яваад дөрөвдүгээр зэргийн түлэгдэл авч, хоёр гар нь бүтэн ажиллагаагүй болжээ.

Тэр Солонгосд очиж хагалгаанд орвол эдгэрэх боломжтой. Эмчилгээнд нь харин 250 сая төгрөг хэрэгтэй болсон. Гэвч түүнийг гэр бүл цаашдын эмчилгээний зардал байтугай өмнөх эмчилгээнд хэрэглэсэн зардлаа хүмүүсээс зээлж, эргэн төлж чадхааргүй болоод байгаа юм байна. Тэр дөрвөн хүүхэдтэй, бага хүүхэд есөн сартай, эхнэр нь группд байдаг учраас эмчилгээний төлбөрийг төлөх боломжгүй.

Одоогоор Үнэнбат сэтгэлээр унасан байдалтай "би тэр чигтээ үхчихгүй яав" гэж уйлаад байж байна. Тиймээс Босоо хөх монгол ТББ-аас түүнд туслахыг уриалж байгаа юм.

Мөн Үнэнбат ч гэлтгүй Онцгой байдлын 5,000 алба хаагч ийм эрсдэлтэй нөхцөлд ажилладаг. Гэтэл Онцгой байдлын газарт эрсдэлийн сан ч гэж байдаггүй.

Тэднийг зөвхөн ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан тохиолдолд ар гэрийнхэнд нь төрөөс 30 орчим сая төгрөгийн тэтгэмж өгдөг. Харин энэ мэт хүнд зэргийн гэмтэл авсан тохиолдолд нэг удаа сая төгрөгийн тэтгэмжээс өөр нөхөн олговор байдаггүй юм байна.

Тиймээс Төрийн удирдлагуудад энэ талаар өргөдөл өгч, шаардах болно. Төрийн алба, албан хаагч нарынхаа эрх ашгийн төлөө байх хэрэгтэй" гэв.

 
Гэрэл зургийг Мpa.mn

Э.Үнэнбатын эхнэр А.Мөнгөнцэцэг "Би өнөөдөр Онцгой байдлын байгууллагын 5,000 алба хаагчийн өмнөөс Босоо хөх монголтой хамтарч дуу хоолойгоо нэгтгэж байна. Онцгой байдлын алба хаагчид баяр, амралтын өдрөөр ч ар гэргүй юм шиг ажилладаг. Гэтэл тэдний сарын хоолны мөнгө нь 22 мянган төгрөг л байдаг. 

Тэдний эрүүл мэндийн эрсдлийг нь хамгаалах хууль, дүрэм журам байхгүй байна. Эрүүл мэндийн даатгал нь зөвхөн өвчтэй байх хугацаанд нь листний хоногийг нь бодож өгдөг.

Мөн Онцгой байдлын алба хаагчдын даатгалаас өгдөг эмний зардал байхгүй, зөвхөн амь насны л даатгал байдаг юм байна. Үүний бодит жишээ бол миний нөхөр. Тэр минь өргөсөн тангарагаа үнэнчээр ажил үүргээ гүйцэтгэж, яваад түлэгдэж, хоёр гар нь ажиллагаагүй болчихоод байна.

Би Засгийн газрын байрны гадаа хэдэн өдөр зогсож байж, долоодугаар сарын 1-нд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс нөхрийнхөө эмчилгээний зардалд тусламж хүссэн өргөдлийг өгсөн. Харин надад энэ өргөдлийг судалж байна, албаны хүмүүст шилжүүлсэн гэсэн хариу одоог хүртэл өгч байна.

Яагаад ийм удаан шийдэгдэхгүй байгаа юм бэ гэж эрхэм Засгийн гарын гишүүд, дарга нараас асуумаар байна. Эх орныхоо төлөө өргөсөн тангарагаа биелүүлж, тэр аюултай нөхцлөөс эсэн мэнд ирсэн байхад яагаад эрүүл мэндэд нь төр анхаарч болдоггүй юм. 

Хэрвээ Онцгой байдлын албан хаагчдын ажлын онцлог нь шатаж, гэмтэх юм бол Онцгой байдлын газарт ажиллах давуу тал нь юу вэ гэдэг нь би хариулт авмаар байна.

Миний нөхөр хагалгаанд ороход нь 250 сая төгрөг хэрэгтэй болсон. Би өөрөө байнгын эмчийн хяналтанд байдаг, хөгжлийн бэрхшээлтэй учраас сард 310 мянган төгрөгийн халамжийн мөнгө авдаг. Тиймээс нөхрийнхөө эмчилгээний зардлыг төлж дийлэхгүй та бүхэнд хандаж, тусламж хүсэж байна" гэв. 

Хандивын данс:

Хаан банк: 5094504536
Худалдаа хөгжлийн банк: 407283242