Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгост анхааруулах зорилгоор пуужин харваснаа Ким Жон Ун тайлбарлажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр өглөө Умард Солонгосын дэглэм зүүн эргийнхээ Вонсан хотын орчмоос хоёр пуужин харвасан нь тус бүр 430, 690 орчим километр зам туулж, Япон тэнгисийн усанд унасан юм.

Тэгвэл Пёньяны төв хэвлэл өнөөдөр өглөө энэхүү туршилтын талаар мэдэгдэл гаргажээ. Тус улс өчигдөр шинэ төрлийн тактикийн зэвсэг туршсан бөгөөд энэ нь "дайнаар хөөцөлдөгч Өмнөд Солонгос"-ын эрх баригчдад хатуу анхааруулга өгөх зорилготой байсныг Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун хэлсэн тухай уг мэдээнд өгүүлсэн байна.

Туршилтыг удирдагч өөрөө гардан зохион байгуулсан гэжээ.

Өмнөд Солонгосын арми ирэх сард АНУ-ын цэрэгтэй хамтарсан байлдааны сургуулилалт хийхээр болсон нь Пёньяны дэглэмийг ийм алхам хийхэд хүргэсэн байна.

НҮБ тус улсыг алсын тусгалын баллистик пуужин туршихыг нь хориглосон бөгөөд хэрвээ туршвал эдийн засгийн ээлжит хориг арга хэмжээ авах нөхцөл тулгаад байгаа.

Тиймээс эдийн засаг нь хүнд байдалд байгаа Умард Солонгосын удирдагч ойрын тусгалын зэвсэг туршсан нь энэ юм.

Сар хүрэхгүй хугацааны өмнө Ким Жон Ун хоёр Солонгосын хил дээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай товч уулзахдаа Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах зорилгодоо үнэнч хэвээр байгааг илэрхийлж байв.

 

Эх сурвалж: Associated Press