Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Украины тал Оросын ачаа тээврийн хөлгийг саатуулжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Украины аюулаас хамгаалах албаныхан Лхагва гарагт Оросын ачаа тээврийн хөлөг онгоцыг Дунай мөрний боомт Измайл хотод ирэхэд нь саатуулжээ.

2018 оны арваннэгдүгээр сард Керчийн хоолойд Украины байлдааны хөлгүүдийг Оросын тал олзлох үеэр Нейма нэртэй уг хөлгийг хаалт болгон ашиглаж байсан нь саатуулах шалтгаан болсон гэнэ.

Тэр явдлаас хойш нэрээ “Ника Спирит” болгон өөрчилсөн уг ачааны хөлөг онгоцонд ОХУ-ын иргэн 15 хүн ажиллаж байжээ.

Тэднийг ямар нэг ял шийтгэлгүй суллан Молдовоор дамжуулж Москва руу илгээхээр болсон тухай Оросын хүний эрхийн комиссар Татьяна Москалкова мэдээлсэн байна.

ОХУ-ын гадаад хэргийн яам болсон явдлыг нарийвчлан судалж байгаагаа мэдэгдээд Украины талд хатуу хариу арга хэмжээ авахыг анхааруулжээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Крымийн ойролцоо Керчийн хоолойд Украины байлдааны гурван хөлгийг Оросын тал олзлон авч, 24 усан цэргийг баривчлан хорьсон юм.

Тэр цагаас хойш олзны усан цэргүүдийг Москвад хорьж байгаа.

Керчийн хоолой бол Хар тэнгисийг Азовын тэнгистэй холбодог цорын ганц усан зам. Азовын тэнгис дэх боомтдоо хүрэхээр явж байсан хөлгүүдийг Оросын тал хил зөрчсөн гэж буруутгасан юм.

Украины гурван хөлөг, 24 усан цэргийг Оросын тал даруй суллах ёстой гэсэн дүгнэлтийг НҮБ-ын далай тэнгисийн шүүх тавдугаар сарын 25-нд гаргаж байжээ.

Хоёр долоо хоногийн өмнө Украины шинэ ерөнхийлөгч Володимир Зеленский ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай анх удаа утсаар ярихдаа олзны хүмүүсийг солилцох боломжийг хэлэлцсэн юм.

 

Эх сурвалж: AFP