Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ сарын 18-нд голд сэлж байгаад живсэн иргэний цогцсыг өчигдөр олжээ

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хөвсгөл аймгийн “Дэлгэр мөрөн” голд сэлж байсан 21 настай эрэгтэй живж, харамсалтайгаар амиа алджээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн “Өндөр-Эрэг” хэмээх газар /аймгийн төвөөс баруун зүгт 5 км-т/ “Дэлгэр мөрөн” голд хоёр хүн сэлж байснаас тус сумын Үерт багийн харьяат иргэн М /21 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг энэ сарын 18-ны өдрийн 20:00 цагт онцгой байдлын газар хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 15 алба хаагч, ар гэрийн 12 хүн, нийт 27 хүн, таван автомашин, хоёр завьтайгаар энэ сарын 25-ны өдрийн 07:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлж, тус сумын “Өндөр-Эрэг” гэдэг газраас “Хилэнтийн гүүр”, “Өндөр хясаа”, “Хүүшийн булан”, “Ногоон булаг,, “Баян-Эрхэт” гэдэг газар болон Тосонцэнгэл сумын Сэлэнгэ багийн “Цацын булан”, “Ялаатын-Ам”, “Тээлийн-Ам” гэдэг газар хүртэл нийт 160 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.

Ийнхүү өдрийн 16:47 цагт Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тээлийн-Ам” гэдэг газраас (осолдсон газраас зүүн урд зүгт 160 км-т) “Сэлэнгэ” мөрний салаанаас иргэн М (21 настай, эрэгтэй)-гийн цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. 

 

Эх сурвалж: ОБЕГ