Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Мансууруулах бодис нь архинд донтох өвчнөөс 60 дахин хүчтэй донтолтыг үүсгэдэг

Г.Батзориг, Өдрийн сонин
2019 оны 7 сарын 26
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

СЭМҮТ-ийн Ерөнхий захирал, анагаах ухааны доктор, дэд профессор Л.Насанцэнгэлтэй эрүүл мэндийн боловсрол, хар тамхины донтолтын талаар ярилцлаа.

-Д.Одончимэг эмчтэй ярилцаж байхад монголчуудад сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол дутмаг байгаа нь анзаарагдсан. Энэ чиглэлд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-2018-2019 оны хичээлийн жилд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан шийдвэр гарч эрүүл мэндийн хичээлийг дахин ордог боллоо. Дөрвөн сэдвийн хоёр нь сэтгэцээр орж байгаа.

Нэгдүгээрт, хорт зуршлаас сэргийлье. Хоёрдугаарт, сэтгэцийн эрүүл мэнд, харилцаа, хандлага, стресс тайлах чиглэлээр орж байна. Манайхан хөтөлбөрийг нь боловсруулаад өгчихсөн. Одоо сурах бичиг дээр ажиллаж байгаа. Гэхдээ яг энэ боловсролыг өгөх ёстой хүн нь эцэг, эхчүүд юм. Өөрсдөө ойлголттой байж, зөв боловсрол хүүхдэдээ өгөх ёстой. Түүнээс биш 40-50 сурагчтай ажилладаг багш сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүүхэд бүрт олгох боломжгүй.

Манайх 1800-2000 гэсэн дугаараар 24 цагийн турш зөвлөгөө өгч байна. Бухимдал, стресс, донтолт зэргээр зөвлөгөө өгч байгаа. Бас Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт нэг эмчээ ажиллуулж байна. Хүчирхийлэл, хямралд өртсөн хүн нэрээ хэлэхгүйгээр зөвлөгөө авах боломжтой. Энэ бүхэн нь заавал эмнэлэгт ирэхгүйгээр тусламж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх зорилготой.

Манай нэг эмч 108 утсан дээр зөвлөгөө өгдөг. Эндээс харж байхад аав, ээж нь архи уудаг. Хүүхэд хохироод үлддэг. Ийм хүмүүстэй сэтгэлзүйн боловсрол гэж ярихад хүнд болчихож байгаа юм.

-Залуучууд мансууруулах бодис хэрэглэх нь нэмэгдэж байна. Нэгэнт хэрэглэж эхэлсэн бол донтож, гарч чаддаггүй гэж ярьдаг. Тэдэнд үгүй гэж хэлэх сэтгэлзүйн дархлаа сул байна гэсэн үг үү?

-Хүүхдийг бага балчир байхаас нь зөв төлөвшүүлэх, хайраар дутаахгүй өсгөх юм бол нийгэмд идэвхтэй, өөдрөг, зөв хүн болж төлөвшдөг. Сэтгэл гутралтай хүн болохгүй. Амиа хорлохгүй. Янз бүрийн донтолтод өртөхгүй. Бусдад үгүй гэж хэлэх чадвартай болно. Мансууруулах бодсонд донтсон хүмүүсийг харахад 50-60 хувь нь дандаа бусдын нөлөөнд автсан байдаг.

Дотны найз нь үүнийг хэрэглээд үзээч, гоё гэж хэлдэг. Тийм зүйл дээр үгүй гэж хэлдэг, сайн мууг ялгах чадвар чинь хар нялхад үүсдэг. Тэрийг нь эцэг, эхчүүд бий болгох ёстой. Мансууруулах бодист донтох нь архинд донтох өвчнөөс 60 дахин хүчтэй донтолтыг үүсгэдэг. Нэгэнт орсон бол гарч чадахгүй. Эмчилгээ байхгүй гэдгийг мэдэж байх хэрэгтэй.

Гэтэл гайгүй биз дээ, хэрэглээд л үзье, дуртай үедээ гарчихаж болно гэж боддог. Хар тамхинд донтсон бол мөнгөтэй, боловсролтой, эцэг эх нь өндөр албан тушаалтай байгаад ч дийлэхгүй. Ер нь мансууруулах бодист донтсон хүн хоёр л тавилантай. Нэг бол хэмжээгээ хэтрүүлсээр байгаад үхнэ. Эсвэл амиа хорлоно. Сэтгэлзүй, биеийг бүрэн хамааралтай болгочихдог учир яаж ч чадахгүй байна.

Дэлхий нийт хар тамхинд донтсон хүнд сэтгэлзүйн сургалт байна уу гэхээс эмээр эмчилж чадахгүй гэдгийг зарласан. Гэтэл үүнийг ойлгохгүй мансууруулах бодис хэрэглэж байгаа нь тун буруу.

-Тэгвэл хүүхдээ багаас нь зөв төлөвшүүлж, сэтгэлзүйн дархлаатай болгох нь юу юунаас илүү чухал юм байна гэж ойлголоо. Хүүхдээ зөв төлөвшүүлэхийн тулд эцэг, эхчүүд үргэлж зөв үлгэр дуурайл үзүүлэх нь чухал байх?

-Яг тийм. Өөрсдөө фэйсбүүк ухаад сууж байдаг. Хүүхэд нь асуулт асуухаар би мэдэхгүй гэж цааргалдаг. Ийм байж хүүхдээсээ өөр зүйл шаардаад байж болохгүй. Компьютер тоглоомд донтсон хүүхдүүдээс юу харагддаг вэ гэвэл манай аав, ээж өөрсдөө л утаснаасаа салдаггүй шүү дээ. Тэгсэн атал намайг тоглож болохгүй гэдэг гэж ярьдаг хэмээдэг. Тэгэхээр даган дуурайх асуудал хамгийн чухал юм.

Мэдээж тухайн хүн хэвийн амьдрах эдийн засгийн боломжтой байх хэрэгтэй. Мөн боловсролтой байх учиртай. Энэ бүхнээс илүүтэй хамгийн чухал зүйл бол сэтгэлзүйн зөв төлөвшилтэй байх явдал юм. Хүүхдээ зөв төлөвшүүлж, сэтгэлзүйн дархлаатай болгочихвол нийгэмд гэр бүлээ аваад явчихна. Эцэг, эхчүүд гол нь үүний төлөө л зорих хэрэгтэй. Мэдээж эцэг, эхчүүд завгүй байгаа.

Гэхдээ хэчнээн завгүй байсан ч хүүхдэдээ заавал зав гаргах ёстой. Мөн хүүхдээ сонсдог байх нь хамгийн чухал. Цаг гаргаж сонсоод байхаар тухайн хүүхэд ярьсаар байгаад өдрөөс өдөрт хүмүүжиж, зөв төлөвшдөг.

Түүнчлэн, хүүхдээ бусдаас илүү болгоно гээд гадаад хэлээр шахаад, өндөр төлбөртэй сургуульд өгч олон дугуйланд явуулсныгаа болсон гэж үздэг. Ингээд нөгөө хүүхдүүд нь мэдрэлийн ядаргаанд ороод сульдаа болсон тохиолдол олон байна. Хүүхэд нас аз жаргалтай үе. Тоглодог, баярладаг байх хэрэгтэй.

-Хүүхдийнхээ зан төлөв, эмгэгийг таньж мэдэх ямар хялбар арга байна вэ? Үүн дээр суурилж цаашид хэрхэн ажиллах, юун дээр анхаарах талаар зөвлөгөө өгөхүй юү?

-Манай төвийн Нийгмийн эрүүл мэнд эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал В.Баярмаа өсвөр насны хүүхдийн сэтгэл хөдлөлийн зан үйлийн судалгаа хийсэн. Түүгээр дамжуулан 25 асуумжаар хэвийн зан үйлтэй байгаа эсэхийг урьдчилсан байдлаар тогтоох боломжтой. Уг асуумжийг багш, эцэг эхчүүд болон хүүхэд өөрөө бөглөж болно. Ийм судалгаа хийж үзэхэд нэг ангийн хүүхдүүдийн ойролцоогоор есөн хувь нь сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгтэй гэж гарсан. 50 хүүхэдтэй ангийн 4-5 хүүхэд нь ийм эмгэгтэй гэсэн үг.

Тэгэхээр эдгээр хүүхэдтэй эцэг эх, сургуулийн нийгмийн ажилтан, эмч, багш нар ажиллахад өсвөр насанд гардаг сэтгэл гутрал, донтолт, амиа хорлолт зэрэг асуудлууд буурчихна гэсэн үг. Зарим өндөр хөгжилтэй оронд сургууль дээр нь сэтгэл зүйч ажиллаж байна. Ингэснээр сэтгэцийн эмнэлэг рүү явах шаардлагагүй, эцэг эх, эмч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан нь хамтраад сэтгэцийн тулгамдсан асуудал болон сэтгэцийн зарим эмгэгийг сургууль дээр нь засчихаж байгаа юм.

Манай улс цаашид сургууль дээр суурилсан сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ рүү орвол чухал гэж бодож байна. Хүүхдээ хэвийн зан үйлтэй эсэхийг мэдэх болон сэтгэцтэй холбоотой олон асуудалд манай хаалга нээлттэй.

Зураг