Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Баяраа: Шинжлэх ухаан хөгжөөгүй учраас барилгын салбар дампуурч байна

Б.Оюунжаргал, Үндэсний шуудан
2019 оны 7 сарын 26
Үндэсний шуудан
 

Нийслэл хүрээгээ тэлж, өнгө үзэмж нэмж, өндөр барилгууд сүндэрлэхийн хэрээр барилгын чанар, стандарт гэгч зүйл мөрдөгдөх учиртай. Гэтэл барилгын чанар стандарт бүрэн утгаараа алдагдаж байгааг барилгын инженерийн холбооны мэргэжилтнүүд тодотгожээ. Өөрөөр хэлбэл, орон сууцны иргэдийн эрүүл аюулгүй, тайван орчинд амьдрах нөхцөл алдагдаж байна гэсэн үг. 

Манай улсад сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн чичирхийлэл нэлээд мэдрэгдэх болсон. Улаанбаатар хотод баригдаж буй барилга байгууламж газар хөдлөлтөд тэсвэртэй юу гэх асуулт өдгөө ч хариулт нэхдэг. Иймд Монголын зам барилгын материалын химийн инженерүүдийн холбооны тэргүүн Ж. Баяраатай барилгын салбарт тулгамдаж буй асуудал болоод барилгын чанар, стандартын асуудлаар ярилцлаа.

-Барилгын салбарын өнөөгийн дүр төрхийг та хэрхэн тодорхойлох вэ. Сүүлийн жилүүдэд нийслэл хот хүрээгээ тэлж өндөр барилгууд олноор сүндэрлэх боллоо. Тэгвэл барилгын стандарт мөрдөгдөж чадаж байгаа болов уу?

-Нийслэл болон 21 аймагт дөрвөн давхраас дээш барьсан барилга иргэдэд аюул учруулж мэдэхээр байна. Манай холбоо УИХ-ын гишүүн А.Сүхбатын ажлын албаныхантай хамтран эвдрэл, цууралт үүсээд байгаа 360 гаруй барилгын зургийг баримтжуулан олон нийтэд мэдээлж эхэлсэн. Үүний шалтгаан нь маш энгийн. 1990-ээд оноос хойш Монголын бараг бүх барилгын компани Туул голоос олборлосон элс, хайргыг ашиглан барилга барьж байна.

Гэтэл голын тохойн ийм элс хайрга, стандартын шаардлага хангахгүй, барилгын даацыг дийлэхгүй. Хүнээр бол ясны сийрэгжилттэй барилга баригдаж байгаа гэсэн үг. Барилгын салбарын хөгжлийг тодорхойлоход хэцүү. “Гаднаа гяланцаг, дотроо паланцаг” гэдэг шиг л байна. Бид судалгаа хийх явцдаа нийслэлд баригдсан хэд хэдэн орон сууцны оршин суугчидтай уулзсан. 

Энэ үеэр тэд шинээр аваад удаагүй байрны тааз нь хууларч унасан, хана болон таазандаа ан цав үүссэн олон зүйл ярьж байсан. Бид бодит байдалтай танилцаж баримтжуулж авсан. Нийслэлийн барилга байгууламжид ийм үзэгдэл нэгээр зогсохгүй. Ингээд үзвэл сүүлийн үед баригдаж байгаа барилгуудын 80 орчим хувь нь хэзээ мөдгүй нурж мэдэхээр эрсдэл нүүрлэсэн байгаа юм. Манайхаас өөр улс орон барилга байгууламжийнхаа стандартыг чанд мөрддөг. 

Тухайлбал, Япон, Солонгос зэрэг улс 12 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй 500-600 жилийн насжилттай барилга барьдаг. Гэтэл манайд энэ стандарт, аюулгүй байдлын баталгаа мөрдөгдөхгүй байна. Хатуухан хэлэхэд, 30-40 жилийн насжилттай барилга ч барьж чадахгүй байна. Газар хөдлөлтийн үед байшин, барилга доод тал нь 40-60 минут тэсвэрлэх ёстой.

Нийслэлийг бүтэн тойрсон газар хөдлөлтийн идэвхтэй бүс байна. Газар хөдлөлт боллоо гэхэд нийслэлийн барилгууд 5-10 минут тэсэх болов уу. Барилгын салбар үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаагийн нэг тод жишээ.

-Яагаад тэр вэ?

-Бид орон сууц, инженерийн барилга байгууламжуудын гол хүчин зүйл болох элс, дайрганы хими, физик, механикийн стандартыг зайлшгүй баримталж ажиллах ёстой юм. Гэтэл манайхан үүнийг тоож анхаардаггүй. Үнэнийг хэлэхэд, манай барилгачид химийн ганц элемент болох Si02-bir мэдэхгүйгээс үндэсний аюулгүй байдал алдагдах хэмжээнд хүрээд байна. 

Улаанбаатар хотод “Чингис”, “Баянгол”, “Улаанбаатар” зочид буудал зэрэг стандартын дагуу баригдсан гарын таван хураанд багтахаар барилга бий. Эдгээр барилгыг гаднынхан өндөр өртгөөр, стандарт, норм журмын дагуу барьсан. Харин бусдыг нь Туул голынхоо шороогоор барьсан. Үнэн шүү. Элсэн дэх кварц буюу Si02 нь 50-60 хувийн агууламжтай, шорооны агууламж нь 10-20 хувьтай шороогоор бетон зуурч байна. 

Шороо нь органик, цемент нь органик бус учраас шороо нь цементээ 10-15 жилийн хугацаанд идэж үгүй хийдэг. Ялангуяа, сүүлийн жилүүдэд барьсан бүх барилга үүнд хамаатай. Барилгын компаниуд “Нүглийн нүдийг гурилаар хуураад” байгаа юм.

Би барилгын салбарт ажил амьдралаа зориулсны хэрэг юу билээ, ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр “Барилга байгууламжийн ажилд хэрэглэх баяжуулсан элс, дайрга, ширхэглэлийн химийн найрлага MNS36713:2018” стандартыг 2018 оны дөрөвдүгээр сарын 25-нд Стандартчилал хэмжил зүйн газраар батлуулсан. 

Гэтэл одоо энэ стандартыг ч мөрдөхгүй юм. Энэ стандартыг Засгийн газраар батлуулж байж сонгон хэрэглэх стандартад оруулна гэсэн. Монголын зам барилгын материалын химийн инженерүүдийн холбооноос ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд хүсэлт тавьсан. Хүсэлтийн хариуг хараахан ирүүлээгүй байна.

-Хуучны барилга байгууламжийн чанар стандартын тухайд?

-1996 оноос өмнө баригдсан барилгууд бол чулуу. Учир нь тэдгээр барилгыг чинь Орос стандарт чанарыг мөрдөж барьсан. Тиймдээ ч орчин үед баригдаж байгаа барилгаас хэд дахин чанартай байгаа юм.

-Таны хувьд барилгын салбарт хэр удаан ажиллаж байгаа вэ. Ажил амьдралынхаа гарааг хаанаас эхэлж байв?

-Би 1982 онд Дарханы барилгын техникум төгсөөд бүхий л томоохон үйлдвэрүүдийн өргөтгөл дээр ажилласан. Барилгын цэргийн 017 дугаар ангид алба хааж байлдагчаас ажлын гараагаа эхэлсэн хүн. ОХУ-ын эрдэм, чадалтай олон хүний буянаар барилгын инженер мэргэжлийг эзэмшсэн. Тухайн үед ажлаа хийж чадсан нь барилгын инженер, чадахгүй нь хуулийн байгууллагын хаалга татдаг байж билээ. 

Хариуцлага, сахилга, дэг журам өндөр байсан. Гэтэл 1990 оноос хойш энэ бүхэн үгүй болж хэн дуртай нь барилгын салбар руу хошуурч үүнийг дагаад барилгын шинжлэх ухаан, барилга, барилгын материалын үйлдвэрлэлд мөрддөг норм норматив ч үгүй болсон. Уг нь Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн болон Геологийн шинжлэх ухаан хоорондоо салшгүй нягт холбоотой, хамтын уялдаатай явснаар бүтээн байгуулалт өрнөдөг.

-Манай улс барилгын салбартаа химийн найрлагыг мөрдлөг болгож ажиллаагүй учраас аюулд хүрэхэд ойрхон болсон гэж ойлгож болох уу?

-Ер нь тийм. Цементийн химийн найрлагыг лабораторийн инженерүүд бага зэрэг мэдэх байх. Харин арматурын химийн найрлага, цемент, дайрганы химийн найрлагыг огт мэддэггүй. Жишээлбэл, олон улсад М-425, М-525 маркийн цементээр барилга, байшин барихаа больсон. Гэтэл манайд М-425 маркийн цемент ашиглаж байна. Энэ талын мэргэжлийн хүн манайд бий. Харамсалтай нь, Менделеевийн нэрэмжит Хими, хими технологийн сургууль төгссөн эрдэс бодис минерологийн инженерүүд өнөөдөр гудамжид лааз өшиглөөд явж байна. 

Үнэндээ, шинжлэх ухаан хөгжөөгүй учраас барилга салбар уналтад орж байгаа. Манай улс шинжлэх ухаанаар хэдэн зуун жилээр хоцорч явна. Энэ бүхэн зөвхөн шинжлэх ухааны институтийг нурааснаас үүдэлтэй. Аливаа улс орон хөгжихийн тулд шинжлэх ухаандаа хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Энэ салбарт улсын төсвийн орлогын хоёр хувийг зарцуулах ёстой. Гэтэл манай төрийн өндөрлөгүүд шинжлэх ухаан улс оронд ямар их ач холбогдолтойг сайн мэдэхгүй байна. Ерөнхий сайд Шинжлэх ухааны хүрээлэнгийнхэнтэй уулзсан байсан. 
Түүх, археологийн хүрээлэнгийнхэн орчин үеийн шинжлэх ухааны технократуудыг төлөөлж чадахгүй. Тэдний шинжлэх ухаан тусдаа. Миний яриад байгаа шинжлэх ухаан өөр. Менделеевийн нэрэмжит Хими, хими технологийн их сургуульд эрдэс бодис, минерологийн чиглэлээр олон арван залууг сургах ёстой. Тэд барилгын материалын үйлдвэрүүдийн химич, химийн технологийн инженер болж ирнэ. 

Өмнө нь, 1960 онд баталсан стандартыг баримталдаг байсан. Энэ нь 3-4 давхар барилга байшинд тохирох стандарт. Гэтэл одоо 10 ба түүнээс дээш давхартай барилга байшин сүндэрлэж байна шүү дээ. Энэ стандартыг шинэчлэх хэрэгтэй. Харамсалтай нь, энэ стандартыг ойлгож, дэмжиж, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хамаарах зүйл гэдэгт санаа зовсон мэргэжилтэн, дарга, сайд Барилга хот байгуулалтын яам болон холбогдох бусад байгууллага алга. Тиймээс энэ стандартыг батлуулах гэж миний бие нийгмийн хариуцлагаа ухамсарлаж 10 гаруй жилийн хүч хөдөлмөр, цаг хугацаагаа зарцуулсан. 

Стандартчилал хэмжилзүйн үндэсний төвийн Техникийн үнэлгээний хороонд ч энэ талын мэдлэгтэй хүн байхгүй. Ер нь энэ стандартыг баталснаар ямар үр ашиг, өгөөжтэй талаар мэдэхийг ч хүсдэггүй. Энэ зөвхөн барилгын салбарт хамааралтай биш. Асфальт болон бетон авто зам барихад ч баримтлах ёстой. 

Монголд барьж байгаа зарим авто зам нэг жил байтугай гурван сарын эдэлгээ даахгүй байна. Элсээ угааж баяжуулахгүй, хийх ёстой дайргаараа хийгээгүй учраас ийм байдалд орж байна. Нөгөө талаар манайх шиг авто замаас нь тоос гардаг улс орон байна уу. Баяжуулсан элсийг ашиглавал ийм зүйл хэзээ ч болохгүй.

-Барилгын стандартыг сайжруулах хэрэгтэй юм байна. Ингэхийн тулд цаашид юу хийх ёстой вэ?

-Төр засгаас төсөв мөнгө гаргаад чадварлаг инженерүүдийг Орост сургах хэрэгтэй. Тэр болтол барилга барихаа түр зогсоох. Эс бөгөөс ОХУ-ын Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн институт, Шинжлэх ухаан технологийн институтэд хандаж хөндлөнгийн буюу гуравдагч этгээдийн мэргэжлийн байгууллагын үнэлэлт дүгнэлт, заавар зөвлөгөөг авах ёстой. Энд Засгийн газрын оролцоо чухал. Төсөв мөнгийг нь шийдэж өгөх хэрэгтэй. 

Аливаа улс орон хоёр зүйлд гол анхаарлаа хандуулдаг. Эхнийх нь, цэвэр усны ундаргаа хамгаалах, хоёр дахь нь бетон зуурмаг, арматур, цементийн чанар стандартын байдлыг чанд сахих. Онц чухал түүхий эд материал гэсэн үг. Тухайн улс орны нийт ард иргэдэд хамаатай буюу иргэдийн үл хөдлөх, орон байрны аюулгүй байдал, амь настай шууд хамааралтай болохоор үүнийг тоохгүй орхиж болохгүй.

-Нэг талаараа хүмүүсийн хийсэн бүтээснийг хэтэрхий их үгүйсгээд байна уу даа?

-Өөрсдөө барилгуудаа үзэх хэрэгтэй шүү дээ. Монголын нийгэмд үнэнийг хэлсэн нь гэмтэн болдог.

Зураг