Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Мэдээлэл технологийн салбарын “уналт” улс төр дагасан дарга нарын буруу байв уу

Б.Оюунжаргал, Үндэсний шуудан
2019 оны 7 сарын 26
Үндэсний шуудан
Зураг зураг

Мэдээлэл технологийн үндэсний хүрээлэнгийн ажилчид долоодугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар ажил хаялт зарлаад байгаагаа хэвлэлийн хурлаар дамжуулан мэдэгдсэн. Ийн ажил хаялт зарласан шалтгаан болоод тус паркийн удирдлагын халаа, сэлгээний асуудлыг цаашид хэрхэн шийдвэрлэх талаар сурвалжиллаа. 

Бидний “Ай Ти Парк” хэмээн нэрлэдэг Мэдээллийн технологийн үндэсний парк нь Мэдээллийн технологийн шинжлэх ухааны парк болон өргөжсөн. Хотын төвд, их сургуулиудын зэргэлдээ орших энэ газар дэврүүн оюутнууд, гарааны бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, төрийн албан хаагчид зэрэгцэн холхилдож, ажил бизнес буцалж байдаг газар.

Энэ барилгад паркийн харьяа сургалтын саруул танхимууд, өндөр технологи бүхий лабораториуд, мэдээллийн төвөөс гадна мэдээллийн технологийн салбарт цахиур хагалах гарааны компаниуд байдаг. “Алкемист”, “Вайрил Партнерс” зэрэг салбартаа хэдийнээ танигдсан эдгээр “залуу” компаниудаас гадна салбартаа тэргүүлэгч “Интерактив” зэрэг томоохон компаниуд, оюутны инкубатор төв, виртуал оффис зэрэг шинэлэг үйлчилгээнүүд ч энд бий.

Өдөр тутам урагшлан хөгжиж буй, ирээдүй цаг болсон мэдээллийн технологийн салбарынхныг нэг дор цуглуулж, байнга шийдэл хайж байдаг тус байгууллагын улс төр дагасан удирдлагын асуудал үйл ажиллагаа нь ганхахад хүргээд байгаа юм.

Ц.СОДНОМДАМБА ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР АЖЛАА ӨГЧЭЭ

Мэдээлэл технологийн үндэсний паркийн хаалгаар орж хоёрдугаар давхарт нь гарвал эл хуль урт коридорт бүртийх гэрэл гэгээгүй, чимээ аниргүй орчин угтав. Өрөө болгоны хаалгыг татсан ч цоожтой байна.

Санхүү гэх өрөө рүү ортол ширээ тойрон суусан хэсэг хүмүүсээс ажил хаялтын нөхцөл байдал, удирдлагын эзгүй байгааг тодрууллаа. “Бид Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн шаардлагынхаа хариуг хүлээж сууна. Одоогоор нийт ажилчдын 90 орчим хувь ажил хаясан. Харин зайлшгүй ажиллах шаардлагатай хүмүүсээ бид ажиллуулж байна.

Ямартай ч Мэдээлэл технологийн үндэсний паркийн удирдлагыг томилохдоо дотроосоо мэргэжлийн ур чадвар сайтай боловсон хүчинг томилох хэрэгтэй байна” гэдгийг тус газрын Үйлдвэрчний эвлэлийн хорооны ажилтан гэх хүн хэллээ. “Хэн дуртайг нь энэ албан тушаалд томилоод байвал энэ салбар хөгжихгүй” хэмээн тэрбээр үргэлжлүүлэв.

Захирлын өрөө рүү нэвтрэх хаалган дээр “ТӨР ХУУЛИА ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ БОЛ БИД АЖЛАА ХИЙХГҮЙ” гэх бичиг наажээ. Мэдээлэл технологийн үндэсний паркийн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооноос долоодугаар сарын 1-ний өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нарт хандан шаардлага хүргүүлж байсан бөгөөд шаардлагын дагуу арга хэмжээ авч ажиллахыг ийнхүү ажил хаялтаараа сануулж байгаа гэнэ.

Уг шаардлагад Мэдээлэл технологийн үндэсний паркийг институтийн чиглэлээр хөгжүүлэх, захирлыг Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газраас сонгох, хууль бус томилгооны асуудлыг цэгцлэх зэргийг тусгасан байна. Үүнээс үзэхэд, мэдээлэл технологийн салбарын хөгжлийн түүчээ, үндэс суурь, амин судас болсон тус байгууллага ийм тогтворгүй байж болох уу гэх бодол хэн хүнд төрнө.

Тус газрын удирдлага таван жилийн дотор дөрвөн удаа солигдсон гэх инээдэмтэй ч юм шиг эмгэнэлтэй ч юм шиг мэдээлэл анхаарал татаж байна. Ер нь дан ганц энэ салбарт ийм асуудал гарч байгаа юм биш. Төрийн гэх тодотголтой томоохон байгууллагууд даргын албан тушаалд хэн дуртайгаа томилох нь өнөө цагт газар авсан. Тухайн хүний мэргэжил боловсрол, ур чадвар ерөнхийдөө хамаагүй.

Нам, эвслээрээ хуваалцан талцаж байдгийн балаг энэ юм. Намдаа уйгагүй гүйснийх нь төлөө залуусыг өндөр албан тушаалд томилдог шударга бус тогтолцоо зөвхөн Монголд л бий. Үүний хар гайгаар жирийн ажилчдын эрх ашиг хөндөгдөж, салбарын тогтворгүй байдал энэ төрлийн мэргэжилтнүүдийг доголдоход хүргэж байна. Үүнийг харин хэчнээн хүн олж харж хэд нь сэтгэл зовниж байгааг тааж мэдэхгүй нь ээ.

Нам эвсэлд хүчин зүтгэсний нөлөөгөөр өндөр албан тушаалд томилогдох, дуртай албаа авах гэж муйхарладаг үзэгдэл үүгээр дуусгавар болоосой. Яг ийм улс төрийн нөлөөнд автчихсан, удирдлага нь эрх баригч намаас хамааралтай шууд томилогддог салбар манайд бишгүй олон. Тухайлбал, 2016 оноос хойш БСШУС-ын сайдыг дөрвөн удаа сольсон.

Монгол хүнийг хөгжүүлэхэд БСШУСЯ хамгийн өндөр үүрэг гүйцэтгэх ёстой. Гэтэл өнөөдөр хөгжих хүн ард, нийгмийн соён гэгээрүүлэх хөгжлийн түүчээ болсон төрийн байгууллагуудаараа айл гэр болж тоглохыг харж суугааг захын хүн хэлнэ. Ийм зүй тогтолцоо Эрүүл мэндийн салбарт ч харагдах болсон. Мэдээлэл технологийн үндэсний паркийн Гүйцэтгэх захирал Ц.Содномдамба нь төрийн болон өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулж түрээслэхдээ Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмыг мөрдөөгүй, үлгэрчилсэн загвараар бус өөрсдийн баталсан гэрээг өөрт ашигтайгаар ашигласан.

Түүнчлэн бусдад давуу байдал олгосноос гарааны компани, иргэнийг бойжуулах зорилго бүхий байгууллагын II давхрын хэсгээс танил, найз нөхдөдөө нийт 281 метр квадрат талбайг түрээслүүлсэн, зарим компанид бартер нэрээр үнэгүй ашиглуулсан, улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг бүрэн оруулаагүй, санхүүгийн үйл ажиллагаанд доголдол гарсан, хөдөлмөрийн хууль, гурван талт хамтын гэрээг зөрчиж зарим ажилтнуудыг хууль бусаар ажлаас халсан зэрэг асуудалд өмнө нь орж байжээ.

Ц.Содномдамба нь 2019 оны зургаадугаар сард өөрийн хүсэлтээр ажлаасаа түдгэлзэж орны хүнийг томилохыг хүсжээ. Энэ үеэс буюу хоёр сарын турш Мэдээлэл технологийн үндэсний парк нь удирдлагагүй байна.

Г.МӨНХСҮХ: ШИНЭ УДИРДЛАГЫГ ДОТРООСОО ТОМИЛОХ ХЭРЭГТЭЙ

Мэдээлэл технологийн үндэсний паркийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Г.Мөнхсүх “Өнгөрсөн хугацаанд манай байгууллагын захирлаар өндөр боловсролтой салбарын мэргэжилтнээс эхлээд салбарын бус хөндлөнгийн хүн хүртэл томилогдож ирсэн. Аливаа томилгоог ямар нэгэн улс төр, бүлэглэлийн нөлөөнөөс хараат бус мерит зарчмаар явуулах нь одоогийн Засгийн газрын баримталж буй үндсэн бодлого гэж бид ойлгож байгаа.

Одоогийн байдлаар Мэдээлэл технологийн үндэсний парктай холбоотой иргэний нэг хэрэг, Захиргааны нэг хэрэг нь шүүх дээр байгаа. Эдгээр маргаанд хэрэв ялагдвал парк их хэмжээний өрөнд орох, эзэмшлийн зарим газраа алдах эрсдэлтэй. Иймд уг асуудлыг гаднаас шинэ хүн томилогдож ирээд шийдэж чадахгүй” гэсэн юм.

Учир нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар дээр Мэдээлэл технологийн үндэсний паркийн захирлаар томилогдох хүний асуудал шийдвэрлэгдэх шатандаа орсон тухай мэдээллийг ажилчдад өгчээ. Энэ тухай Харилцаа, холбоо мэдээлэл технологийн газарт огт мэдэгдээгүй зөвшилцөөгүй байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх заалтыг шууд зөрчсөн үйлдэл болж байгааг тус хүрээлэнгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос хэлж байна.

Түүнчлэн УИХ-аас 2019 оны тавдугаар сард баталсан Монгол Улсын Харилцаа холбооны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь хэсэгт Монгол Улсын Засгийн газар нь “Мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр мэдлэг шингэсэн өндөр технологи, экспортын чиг баримжаатай үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бодлогын судалгаа, шинжилгээний байгууллага байгуулах, түүний дүрэм болон холбогдох зардлыг санхүүжүүлэх”-ээр зохицуулсан.

Харилцаа холбооны хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах үүргийг Харилцаа холбоо мэдээлэл технологийн газар хуулиар хүлээсэн байдаг. Салбарын хүрээнд дээрх байгууллагыг шинээр байгуулахгүйгээр мэдээлэл технологийн үндэсний парк өөрчлөн байгуулах замаар шийдвэрлэхээр Засгийн газарт санал оруулах тогтоолын төсөл бэлдэх, судалгааны ажил хийгдээд явж байгаа” гэдгийг хэллээ.

Ямартай ч 2020 оны сонгууль хаяанд ирлээ. Энэ богино хугацаанд паркийн өдөрт тутмын ажил хэвийн, тасралтгүй явагдаж байх ёстой. Тиймээс Мэдээлэл технологийн үндэсний паркийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос нэгдүгээрт, Мэдээлэл технологийн үндэсний паркийн статус, дүрмийг өөрчлөн, харилцаа холбооны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь хэсэгт заасны дагуу институтийн чиглэлээр хөгжүүлэх шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргах, хоёрдугаарт, Паркийн статус дүрэм, журмыг өөрчлөн зохион байгуулсны үндсэн дээр захирлыг Харилцаа холбоо мэдээлэл технологийн газраас томилох, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасны дагуу зөвшилцөөгүй хууль бус томилгооны асуудал явж байгааг нэн даруй зогсоож, асуудлыг үндсээр нь нухацтай судлахыг шаардаж буйгаа илэрхийллээ.

Дөчин жилийн түүхтэй шинжлэх ухааны голомт болсон байгууллагаараа хэр удаан тоглох гэсэн юм бэ. Ийм байдлаар улс эх, орныхоо хөгжлөөс бүү хойш нь татаач. Мэдээлэл технологийн салбар болоод бусад салбарууд улс төрийн томилгооны золиос болон, “захирал бэлтгэх, танилцах, дадлагын талбар” нь байж болохгүй. 2013 оноос хойш харьяалал нь харилцаа холбоо, мэдээлэл технологийн газраас боловсролын яам дараа нь төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт шилжсэн.

Парк нь харилцаа холбоо мэдээлэл технологийн газрын харьяанд байхдаа салбарын бодлоготой уялдаж, гадаад дотоодын олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт татаж ажилладаг байсан. Гэтэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас захирлын томилгоог нь хийж, төлөвлөгөөг нь баталж үйл ажиллагааг нь хянадаг болсноос хойш салбарын байгууллагын хяналт, уялдаа ерөнхийдөө суларсанд ажилчид нь сэтгэл дундуур байгаа юм. Бодлого үйл ажиллагааны ийм тогтворгүй байдлаас байгууллагын хувь заяа тун бүрхэг байдалтай болоод байна.

Зураг