Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хиам, өндөгний хавчуургатай талхнаас хордсон иргэн 45 болж нэмэгджээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг

2019 оны долоодугаар сарын 18-22-ны өдөр ТҮЦ-ээс хиам, өндөгтэй хавчуургатай талх худалдан авч идсэн 22 иргэн хоолны хордлого гэсэн оноштойгоор ХӨСҮТ-д хүргэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Харин өнөөдрийн байдлаар тус бүтээгдэхүүнээс хордсон иргэдийн тоо 45 болж нэмэгджээ.

Энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тодрууллаа.

НМХГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Д.Дэлгэрбаяр "Энэ сарын 18-22-ны өдөр ТҮЦ-ээс хавчуургатай талх авч идэж, хордсон хүний тоо 45 болсон байна.

Тус хэрэгтэй холбоотой нийт долоон хүнийг шалгаж шинжилгээнд хамруулахад урьдчилсан байдлаар тухайн хавчуургатай талхыг гардаж хийсэн гэх Баянзүрх дүүргийн харьяат хоёр иргэний нэгээс гэдэсний өвчин үүсгэгч бактери илэрсэн гэсэн мэдээлэл өнөөдөр бидэнд ирсэн. 

Хавчуургатай талхнаас хордлого авсан эхний хүн 18-ны өдөр бүртгэгдсэн. Бид мэдээллийг авсан даруйдаа ТҮЦ-үүдээр тараагдсан бүтээгдэхүүнийг хурааж, зохих журмын дагуу устгасан.

Хүнсний тухай хуулиар эрүүл ахуйн шаардлага хангаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн болон зарж борлуулсан иргэн хоёулаа буруутай.

Тиймээс хаяг шошгогүй бүтээгдэхүүн худалдаалсан ТҮЦ-үүдэд зохих журмын дагуу хариуцлага тооцсон. Мөн хавчуургатай талхыг хийж, ТҮЦ-үүдэд нийлүүлсэн хоёр иргэнд зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Хамгийн гол нь иргэд өөрсдийн аюулгүй байдалд санаа тавьж гарал үүсэл нь тодорхойгүй, хаяг шошгогүй, хадгалалтын горимд нийцээгүй, эрүүл ахуйн болон чанарын шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн ТҮЦ, дэлгүүрээс худалдан авахгүй байхыг анхааруулж байна" гэлээ.