Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Шведэд зодоон хийсэн Америк рэппер шүүх хурал хүртэл хоригдохоор болов

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Шведийн нийслэлд саатуулагдаж байгаа Америкийн рэппер A$AP Rocky-ийг бусдын биед халдсан хэрэгт буруутгаж, яллахаар төлөвлөснөө прокурорууд өнөөдөр мэдэгджээ.

Одоо 30 настай, Раким Мэйерс хэмээх жинхэнэ нэртэй энэ уран бүтээлч тоглолт хийхээр Стокгольм хотод очоод байхдаа зургаадугаар сарын 30-ны өдөр бусадтай зодолдсон хэрэгт холбогдож, долдугаар сарын 3-наас хойш саатуулагдаж байгаа. Энэ үйл явдлын дүрс бичлэг сошиал орчинд тарсан юм.

Өмгөөлөгч Слободан Иовичич түүнийг эхлээд бусдын халдлагад өртөж, өөрийгөө хамгаалах үйлдэл хийсэн тул буруугүй гэсэн байр суурьтай байна.

Мэйерсээс гадна уг хэрэгт холбоотой хоёр хүн хоригдож байгааг Шведийн прокурор Даниэл Сюнесон мэдэгджээ.

Рэпперийг саатуулагдсаны дараа Жастин Бибер тэргүүтэй урлагийн одууд болон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп түүнийг суллахыг Шведийн талд уриалсан юм.

Гэвч Шведийн эрх баригчид тус улсын хуулийн байгууллагын хараат бус байдалд хэн ч нөлөөлөх ёсгүй гэсэн хариу өгөөд байна. Дональд Трамп Шведийн ерөнхий сайдтай утсаар ярихдаа Мэйерсийг хувиараа батлан даах санал тавьж байв.

Харамсалтай нь Шведэд батлан даалтын систем байдаггүй юм байна. “Шведийн хуулийн систем бүрэн хараат бус үйл ажиллагаа явуулдаг бөгөөд гадны ямар ч шахалт нөлөөлдөггүй” гэж тус улсын прокурорын газраас өнгөрсөн Ням гарагт гаргасан мэдэгдэлд өгүүлсэн байна.

Шведийн хуулийн эксперт Дэннис Мартинссон ярихдаа “Шведийн үндсэн хуулинд заасны дагуу ямар ч хувь хүний хэргийг шүүх ажиллагаанд ямар ч эрх мэдэлтэн, тэр ч байтугай ерөнхий сайд нөлөөлөх эрхгүй байдаг” гэж тайлбарлажээ.

Мэйерсийг шүүх хурал хүртэл үргэлжлүүлэн хорихоор болсон байна.

 

Эх сурвалж: CNN