Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл эхний зургаан сарын байдлаар 192.2 тэрбум төгрөгийн ашигтай гарав

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Нэгдсэн төсвийн 2019 оны эхний хагас жилийн гүйцэтгэлээс гарсан нэгдсэн төвийн тэнцвэржүүлсэн тэнцэл, орлого, зарлага болон татварын орлогын талаарх мэдээллийг хүргэж байна.

Манай улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн энэ оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр 4,900.4 тэрбум төгрөг байна.

Харин нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 4,708.3 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 192.2 тэрбум төгрөгийн ашигтай гарсныг эхний хагас жилийн гүйцэтгэлд онцолжээ.

 

2019 оны эхний хагас жилийн байдлаар:

  • Нийт тэнцвэржүүлсэн улсын төсвийн орлого 116.0 тэрбум,
  • Нийгмийн даатгалын сангийн төсвийн орлого 92.2 тэрбум,
  • Эрүүл мэндийн даатгалын сангийн тэнцвэржүүлсэн орлого 12.9 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөснөөс давж биелсэн байна.  

Харин орон нутгийн төсвийн орлогын хувьд 17.8 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс дутуу биелсэн байгаа юм. 

Өөрөөр хэлбэл, энэ оны эхний хагас жилийн нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеэс 18.4 хувь буюу 762.3 тэрбум төгрөгөөр, төсвийн нийт зарлага 14.1 хувь буюу 583.1 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн үзүүлэлт аж.

Улсын нэгдсэн төсвийн 2019 оны эхний хагас жилийн гүйцэтгэлээс бас нэгэн онцлох зүйл нь Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын төлөвлөгөө биелэхэд татварын орлогын өсөлт нөлөөлсөн явдал юм.

Учир нь татварын орлого тус хугацаанд 7.3 хувиар буюу 301.1 тэрбум төгрөгөөр төлөвлөгөөнөөс давж биелсэн байна. Ингэхдээ тусгай зориулалтын орлого болон хөрөнгийн албан татвараас бусад бүх төрлийн татварын орлого төлөвлөснөөс давж биелсэн хэрэг.

 
эх сурвалж: Сангийн яам

Илүү тодруулбал, татварын орлогын 25.7 хувийг орлогын албан татвар, 20.8 хувийг нийгмийн даатгалын орлого, 2.0 хувийг хөрөнгийн албан татвар, 23.6 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 9.6 хувийг онцгой албан татвар, 0.2 хувийг тусгай зориулалтын орлого, 8.2 хувийг гадаад үйл ажиллагааны орлого, 10.0 хувийг бусад татвар, төлбөр, хураамжийн орлого бүрдүүлж байна.

Тэгвэл татварын бус орлогын төлөвлөгөө 2019 оны эхний зургаан сард 90.6 хувийн биелэлттэй гарч, тус орлого 46.9 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрсөн нь хувьцааны ногдол ашиг 18.3 тэрбум төгрөгөөр дутуу буюу төлөвлөсөнд хүрч биелээгүйтэй холбоотой байна.

 

Харин Нэгдсэн төсвийн нийт зарлагын тухайд:

  • 2019 оны эхний хагас жилийн байдлаар 1,039.5 тэрбум төгрөгийн дутуу зарцуулалттай буюу 81.9 хувийн гүйцэтгэлтэй гарсан. 
  •  Нэгдсэн төсвийн нийт зарлагын гүйцэтгэл төлөвлөгөөтэй харьцуулахад эхний зургаан сард 18.1 хувиар дутуу зарцуулагдсан.
  •  Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ эхний зургаан сарын байдлаар 65.7 хувийн гүйцэтгэлтэй гарч, 204.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдсон.
  •  Зээлийн үйлчилгээний төлбөр нь өнгөрсөн оны мөн үеэс 107.4 тэрбум төгрөгөөр буюу 19.7 хувиар буурч, төлөвлөснөөс 37.9 тэрбум төгрөгөөр буюу 8.0 хувиар бага зарцуулалттай гарсан
  • Нэгдсэн төсвийн нийт зарлагад урсгал зардлын эзлэх хувийн жин 84.2 хувь болж, өнгөрсөн оноос 1.9 пунктээр буурсан үзүүлэлт болсон гэх дүгнэлтүүдийг өгч байгаа юм. 

 

Эх сурвалж: УИХ