Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Боинг компани 737 Max загварын нисэх онгоцны үйлдвэрлэлээ зогсоож магадгүй болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Боинг компани энэ оны хоёрдугаар улирлын санхүүгийн үр дүнгээ танилцуулжээ.

Өнгөрсөн улиралд тус компани $2.9 тэрбумын алдагдал хүлээсэн нь хоёр дараалан осолдож, 300 гаруй хүний амийг хохироосон 737 Max загварын нисэх онгоцноос шалтгаалсан байна.

Харьцуулбал 2018 оны хоёрдугаар улиралд тус компани $2.2 тэрбумын ашигтай ажиллаж байжээ. Шинэчилж засварласан 737 Мax онгоцыг нислэгт ашиглах зөвшөөрлийг АНУ-ын эрх баригчид олгохгүй байгаа.

Хэрвээ зөвшөөрөл авах үйл явц удааширвал 737 Max загварын үйлдвэрлэлийг зогсоох хүртэл арга хэмжээ авч болзошгүй байгааг Боинг компанийн гүйцэтгэх захирал Дэннис Муйленбург өчигдөр мэдэгджээ.

Дөнгөж нэгдүгээр сард тус компани уг загварыг Боингийн түүхэнд хамгийн хурдтай борлогдож байгаа онгоц хэмээн нэрлэж, 2019 онд 895-аас 905 ширхэгийг зарах урьдчилсан тооцоо гаргаж байв.

Тэгвэл Индонез, Этиоп улсуудад таван сарын зайтай гарсан хоёр ослын дараа 737 Max нь Боингийн түүхэнд хамгийн их хохирол учруулсан онгоц болоод байна.

Энэхүү загварын нисэх онгоцыг оны сүүлээр дахин нисэж эхэлнэ гэж Боинг компани үзэж байгаагаа саяхан мэдээлсэн. Харин засгийн газрын холбогдох албаны хүмүүс энэ хугацааг 2020 оны нэгдүгээр сараас наашгүй гэж ярьсныг Wall Street Journal сүүлд мэдээлжээ.

 

Эх сурвалж: The Guardian