Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Гантуяа: Монгол Улс үр дүнтэй байдлын 11 үзүүлэлтээс бүгдэд нь хангалтгүй үнэлгээ авсан

М.Үүрийнтуяа, Үндэсний шуудан
2019 оны 7 сарын 25
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улс 2013 онд Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага буюу ФАТФ-ын “саарал жагсаалт”-д орж, улмаар энэхүү жагсаалтаас гарахын тулд мөнгө угаахтай тэмцэх талаар хууль, эрх зүйн орчноо сайжруулж, зарим хууль тогтоомжид өөрчлөлт оруулснаар 2014 оны зургаадугаар сард тус жагсаалтаас хасагдаж байсан түүхтэй. ФАТФ-аас гишүүн улс, орнуудын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн 40 зөвлөмж бүхий стандарт гаргаж, түүний хэрэгжилтийг үнэлэх, санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлдэг билээ. Сүүлийн үед Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад орох эрсдэлтэй байгаа талаар дээр дооргүй санаа зовнин ярьж эхэллээ. ФАТФ-ын саарал жагсаалтад орсон улсад гадаад хөрөнгө оруулалт, эдийн засгийн хувьд ч сөрөг нөлөөллүүд үүсдэг. Тэгэхээр мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудал бол бидэнд хол мэт боловч ойрын шийдвэрлэх ёстой асуудлын нэг болжээ. Түүнчлэн уг асуудалд олон улсаас эерэг үзүүлэлт авахын тулд иргэдээсээ эхлээд улс орны хэмжээн дэх төрийн болон төрийн бус бүх байгууллагын хамтын ажиллагаа чухал гэнэ. Эдгээр асуудлаар Монголбанкны Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Б.Гантуяатай дэлгэрэнгүй ярилцлаа.

-Монгол Улсад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо, ФАТФ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх асуудал хэзээнээс яригдаж эхэлсэн цаг хугацаанаас яриагаа эхлүүлье?

-Монгол Улс 2004 онд ФАТФ-ын бүс нутаг хариуцсан байгууллага болох мөнгө угаахтай тэмцэх Ази, номхон далайн бүсийн байгууллагын гишүүн улс болж, улмаар 2006 оны долоодугаар сард Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг баталсан байдаг. Үүнээс хойш энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа өдрөөс өдөрт эрчимжиж байгаа. 

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх анхны харилцан үнэлгээг 2006 онд хийснээс хойш хоёр дахь удаагийн харилцан үнэлгээг 2016 онд Ази, номхон далайн бүсийн байгууллагаар дамжуулан хийсэн. 2016 онд хийсэн харилцан үнэлгээгээр ФАТФ-ын 40 зөвлөмжөөс 20 зөвлөмжийн хэрэгжилтэд хангалтгүй, бодит байдал дээрх хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх үр дүнтэй байдал буюу шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлтээс бүгдэд нь хангалтгүй үнэлгээг манай улс авсан.

Үүнтэй холбогдуулан 2017 онд Монгол Улсыг өргөтгөсөн эрчимтэй хяналтад оруулж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Үүний хэрэгжилтийг ирэх найм, есдүгээр сард болох Ази, номхон далайн бүсийн байгууллагын жилийн ээлжит хурал, ФАТФ-ын хяналтын бүлгийн хурлаар хэлэлцэнэ. Өргөтгөсөн эрчимтэй хяналтын хугацаанд Монгол Улсаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хийсэн ажлууд болон хийх ажил их бий.

Хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд сүүлийн жилүүдэд цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх газар, прокурор, улсын бүртгэл, гааль, Санхүүгийн зохицуулах хороо, арилжааны банкууд гээд төрийн болон хувийн хэвшлийн бүхий л байгууллагууд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо, хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч байна.

-Тэгвэл юун түрүүнд ФАТФ-ын 40 зөвлөмж, үр дүнтэй байдлын 11 үзүүлэлтийн талаар ойлгомжтойгоор тайлбарлаж өгөхгүй юу? 

-ФАТФ нь өнөөдрийн байдлаар өндөр хөгжилтэй 37 улс орон, хоёр олон улсын байгууллагыг эгнээндээ багтаажээ. Энэ байгууллагын зорилго нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон олон улсын санхүүгийн системийн эрүүл, шударга байдалд учирч буй бусад аюул эрсдэлтэй тэмцэхэд чиглэсэн хууль эрх зүйн, бодлогын, зохицуулалтын болон үйл ажиллагааны гэх мэт аливаа үр дүнтэй арга хэмжээний талаарх стандартыг тогтоох, үүнийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

Энэ зорилгын хүрээнд ФАТФ-ын 40 зөвлөмж буюу стандарт бий болж, гишүүн орнууд дотоодын хууль тогтоомждоо энэхүү стандартыг тусган дагаж мөрдөж байна. Харин үр дүнтэй байдлын буюу шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлтийн тухайд ФАТФ аливаа улс орныг үнэлэхдээ тухайн улсын энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх хүчин чармайлтын үр нөлөө, хууль эрх зүйн орчны бодит байдал дээрх хэрэгжилтийг сэдэвчилсэн шалгуур үзүүлэлтээр дүгнэдэг.

Тэгвэл манай улсын хувьд түрүүн хэлсэнчлэн ФАТФ-ын 40 зөвлөмжөөс 20 зөвлөмжийн хэрэгжилтэд хангалтгүй, үр дүнтэй байдлын 11 үзүүлэлтээс бүх үзүүлэлтэд хангалтгүй үнэлгээг авсан байгаа.

-Монгол Улс харилцан үнэлгээгээр хангалтгүй үнэлгээ авч, өргөтгөсөн эрчимтэй хяналтад байна. Үүнээс гарах, үнэлгээг ахиулах боломж бидэнд бий юу, ямар арга хэмжээ авч байгаа вэ? 

-Дэлхийн улс орнууд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх талаар дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөр, бодлого боловсруулан хэрэгжүүлж, төрийн болон хувийн хэвшлийнхэнтэй хамтран үндэсний тогтолцоог бүрдүүлэн олон улсын хэмжээнд ч хамтарч ажилладаг.

Ингэснээр улс орнууд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцээд зогсохгүй өөрсдийн санхүүгийн системийн эрүүл, аюулгүй байдлыг хамгаалснаар ФАТФ-ын хар, саарал жагсаалтад орох эрсдэлээс урьдчилан сэргийлж, олон улсын системд нэвтрэх боломжтой болох юм. Тийм учраас мөнгө угаах, терроризм, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, тэдгээрийг санхүүжүүлэх зэрэг үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх асуудал нь Монгол Улс төрийн бодлогын түвшинд авч үзэн, анхаарах асуудал юм.

2016 оны харилцан үнэлгээнээс хойш хийсэн ажлуудаас хэлье. Тухайлбал, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулсан. Эрүүгийн хууль тогтоомжийг шинэчилсэн. Эдгээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд журам, гарын авлага гаргасан. Сургалт, соён гэгээрүүлэх ажил зохион байгуулсан, хяналт шалгалтууд хийсэн.

Дотоодын болон олон улсын түвшин дэх хамтын ажиллагааг өргөжүүлсэн, 15 сарын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө болон үндэсний хөтөлбөрийг Засгийн газраас баталж хэрэгжүүлсэн байгаа юм.

Өнөөдрийн байдлаар өргөтгөсөн эрчимтэй хяналтын хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлын дэлгэрэнгүй тайланг Ази, номхон далайн бүсийн байгууллагад хүргүүлж, хангалтгүй үнэлгээ авсан 20 зөвлөмжөөс 14 зөвлөмжийн үнэлгээг сайжруулах боломжтой гэсэн урьдчилсан хариуг аваад байгаа. Энэ нь маш сайн үзүүлэлт. Тэгэхээр үнэлгээний үр дүнг сайжруулах талаар боломжит бүхий л арга хэмжээг авч ажилласан байгууллагуудын хүчин чармайлт мөн харагдаж байна.

Юу гэхээр үнэлгээний баг 2016 онд манай улсад ажиллах явцад Монгол Улс саарал жагсаалт биш, хар жагсаалтад орохоор бага үнэлгээ авах эрсдэл байгааг анхааруулж байсан. Өөрөөр хэлбэл, саарал жагсаалтаас ч муу үр дүн гарах боломжтой нөхцөл байдал байсан хэдий ч тухайн үед хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагуудын зүгээс өөрсдөөс хамаарах бүхий л арга хэмжээг авч ажилласан. Тэдний хүчин чармайлт илүү их эрсдэлээс Монгол Улсыг хамгаалж чадсан.

Одоо бидэнд үр дүнтэй байдлын 11 үзүүлэлттэй холбоотойгоор саарал жагсаалтад орох эрсдэл байсаар байгаа. Үүнд өршөөлийн хууль тогтоомж, түүний хэрэгжилт, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын хэрэгжилт гэх мэт олон хүчин зүйл нөлөөлсөөр байна.

-Тэгвэл үр дүнтэй байдлын 11 үзүүлэлтийг хэрхэн ахиулах вэ. Үүний тулд юу хийх хэрэгтэй юм бэ?

-Үр дүнтэй байдлын 11 үзүүлэлтийн үнэлгээг ахиулах боломж таван жилд нэг удаа байдгаараа ФАТФ-ын 4 0 зөвлөмжийн үнэлгээг ахиулах үйл явцаас ялгаатай. Товчхон хэлэхэд 2022 он хүртэл энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх Монгол Улсын тогтолцоо ажиллаж байгааг баримт нотолгоотой харуулах шаардлагатай байгаа.

Жишээлбэл, энэ төрлийн гэмт хэрэгтэй холбогдуулан хураасан хөрөнгийн хэмжээ, мөрдөн шалгасан, хянасан, шийдвэрлэсэн хэргийн үзүүлэлт, хяналт шалгалт, илэрсэн зөрчил, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ гэх мэт бодитой ажил хийсэн байх шаардлагатай. Энэ төрлийн гэмт хэргийн гаралт гэхээсээ илүү энэ төрлийн хэргийг илрүүлсэн, тогтоосон, шалгасан, шийдвэрлэсэн байдал зэрэг нь үзүүлэлтийг ахиулахад бодитоор нөлөөлдөг юм.

-Саарал жагсаалтад орохгүй байх, урьдчилан сэргийлэхэд түлхүү анхаарч ажиллах нь аль байгууллага вэ. Өөрөөр хэлбэл, энэ асуудлыг хэн хариуцаж, манай улсын тайланг хамгаалах уу? 

-ФАТФ-ын 40 зөвлөмжийг уншихад энэ бол үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бүхий л түвшинд ажиллах асуудал гэдгийг ойлгоход нэг их хэцүү биш. Үндэсний зөвлөл нь үндэсний хөтөлбөр боловсруулж батлуулах, хэрэгжилтийг хангах ажлыг хийж гүйцэтгэдэг.

Харин хамтын ажиллагааны зөвлөл нь өнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, мэдээлэл солилцох, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж гаргах асуудлыг хариуцах үүрэгтэй.

Энэ хоёр зөвлөлийн бүрэлдэхүүнд цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх байгууллага, прокурор, шүүх, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, гааль, татвар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, улсын бүртгэл, Санхүүгийн мэдээллийн албаны төлөөлөл багтдаг. Монгол Улсыг саарал жагсаалтад орохоос урьдчилан сэргийлэх ажил нь манай улсын үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд хамаарах асуудал учраас эдгээр байгууллагуудын хамтын ажил, хариуцлага чухал. 

Товчхондоо энэ бол Монгол Улсын хариуцлагын асуудал. Монголын санхүүгийн зах зээлд банкны салбар давамгайлдаг гэдэг утгаараа зохицуулагч байгууллагын хувьд Монголбанк энэ асуудалд онцгойлон анхаарч, Монгол Улсын тайланг бэлтгэх, хамгаалах ажлыг зохион байгуулж, тайланг хамгаалах ажлын хэсэг, хамтын ажиллагааны зөвлөлийн ажиллах нөхцөл бололцоог дэмжиж байгаа.

-ФАТФ-ын саарал жагсаалтад орохоос урьдчилан сэргийлэхийн тулд нэн тэргүүний авч хэрэгжүүлэх ажил бол үндэсний зөвлөл, хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагуудын хариуцлага, хамтын ажиллагаа гэлээ. Тэгвэл энэ богино хугацаанд ямар ажлуудыг хийх боломжтой байна вэ?

-2016 онд хийсэн харилцан үнэлгээнээс хойш хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагуудын үйл ажиллагаа эрчимжсэн. Нэг үеэ бодоход мөнгө угаахтай тэмцэх асуудал өргөн хүрээг хамарч байгаа. Энэ бол мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хийсэн сургалт, мэдээлэл, хамтын ажлын үр дүн байх. Үүний дүнд байгууллагууд өөрсдийн үүрэг хариуцлагыг ойлгон хамтран ажиллаж эхлээд байгаа. Иймд бидэнд саарал жагсаалтад орохгүй байх бүрэн боломж байгаа гэж харж байна.

Гэсэн хэдий ч бидэнд бодлогын түвшинд, хэрэгжилтийн түвшинд яаралтай хийж гүйцэтгэх хэд хэдэн ажлууд одоогоор байгаа. Эдгээр ажлууд нь шүүх эрх мэдэл, хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдлийн бүхий л байгууллагуудад хамааралтай. Тухайлбал, УИХ-д өргөн мэдүүлсэн Терроризмтой тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, дагаж гарах хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэн батлуулах хэрэгтэй байгаа.

Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах талаар аргачлал заавар гаргаж мөрдөн ажиллах, мөнгө угаах гэмт хэргийг шалгах, хянах, шийдвэрлэх ажлыг эрчимжүүлэх, энэ төрлийн гэмт хэргээс олсон хөрөнгө орлогыг хураах, хөрөнгө хураахад баримтлах үйл ажиллагааны аргачилсан заавар боловсруулах шаардлагатай.

Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хүсэлт, гэмт этгээдийг шилжүүлэн авах, шилжүүлэн өгөх хүсэлтийг бүртгэж, хяналт тавих нэгдсэн бүртгэлийг үүсгэх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхтэй холбоотой статистик мэдээлэл гаргах нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх гэх зэрэг ажлыг бид ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж бодож байна.

Зураг