Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Аравт" морин цэргийн олон улсын уралдаанд найман орон оролцоно

Үндэсний шуудан сонин
2019 оны 7 сарын 25
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг “Олон улсын цэргийн наадам”-ын хүрээнд энэ жил анх удаа “Аравт” морин цэргийн олон улсын уралдаан ирэх наймдугаар сарын 3-8-нд манай улсад болно.

“Аравт”-д Монгол, ОХУ, Казахстан, Киргиз Улс үндсэн оролцогчоор, БНХАУ, АНУ, Зимбабве, Вьетнам зэрэг орон ажиглагчаар оролцох гэнэ. Манай улс энэхүү уралдааныг зохион байгуулснаар цэргийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монголын түүх, нүүдэлчин ахуй соёл тэр дундаа Монголчуудын морь эзэмшиж ашиглах соёл, уламжлалыг олон улсад сурталчлах боломж нээгдэх аж.

Уралдаанд оролцох Монгол, ОХУ, Казахстан, Киргиз Улсын цэргийн алба хаагчид унах морьдоо сонгожээ. Уралдааныг будилаангүй, шударга, ил тод явуулахын тулд зүс ижилссэн мориор уралдуулах шийдвэрийг ЗХЖШ-аас гаргаж морьдыг сонгох ажлыг зохион байгуулсан байна.

Өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын ЗХЖШ-ын даргын тушаалаар уралдаанд оролцох морьдыг зүүн гурван аймгаас сонгон шилж, худалдаж авсан бөгөөд Зэвсэгт хүчний 232 дугаар ангийнхан уналгад бэлдэх, арчлах тордох, номхруулах үүргийг гурван сарын туршид гүйцэтгэсэн байна. Уналгад бэлтгэсэн морьдыг зүс зүсээр нь ижилсүүлэн, оролцогч орнуудын багийн ахлагч нараар сугалуулжээ.

Сугалаа ёсоор Монгол Улсын Зэвсэгт хүчний баг бор зүсмийн морьд, ОХУ-ын Зэвсэгт хүчний баг алаг зүсмийн морьд, Казахстан улсын Зэвсэгт хүчний баг хул хонгор зүсмийн морьдыг сугалж, уралдаандаа оролцохоор болсон байна. “Аравт” олон улсын морин цэргийн уралдааны өмнөх бэлтгэл энэ сарын 23-наас эхэлсэн аж.

Зураг