Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Тайванийг зэвсгийн хүчээр өөртөө нэгтгэх боломжтойг Хятад улс дахин баталлаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Тайванийг зэвсгийн хүчээр өөртөө нэгтгэх боломжтойг Хятад улс дахин баталлаа
Sara, ikon.mn - text to speech

Өнөөдөр Хятад улсын засгийн газар батлан хамгаалах үндэсний бодлогоо тайлбарласан “цагаан ном”-ыг шинээр гаргасан байна.

Уг бодлогын баримт бичгийг хэдэн жил тутамд гаргадаг. Энэ удаагийн “цагаан ном”-д Хятад улсын батлан хамгаалах бодлогын тэргүүн зорилтыг Тайванийг нэгтгэх, Төвд, Шинжаанд салан тусгаарлах үзэлтэй тэмцэх явдал гэж тодорхойлсон байна.

Мөн Хятадын батлан хамгаалах бодлого “өөрийгөө хамгаалах” зарчимд тулгуурлах бөгөөд хэрвээ гаднаас довтолбол хариу довтлох боломжийг бас үгүйсгээгүй байна.

“Цагаан ном”-ыг танилцуулсан Хятадын батлан хамгаалах яамны төлөөлөгч У Чян “Тайванийг Хятадаас салгах санаа агуулсан хэн бүхэнтэй манай зэвсэгт хүчин тулалдаж, улс орныхоо нэгдэл нягтрал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг тууштай хамгаалах болно” гэж мэдэгджээ.

Иргэний дайны дараа 1949 онд Хятадын үндсэрхэг үзэлтнүүд Тайваний аралд суурьшиж, Коммунистуудын захиргаанд байсан эх газраас салан тусгаарласан юм.

Бээжингийн эрх баригчид одоог хүртэл Тайванийг өөрийн газар нутгийн салшгүй хэсэг гэж үздэг. АНУ-ын засаг захиргаа хэдийгээр Тайваний тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй ч өөрийгөө хамгаалахад нь шаардлагатай зэвсэг, техник нийлүүлэхийг хуулиараа зөвшөөрдөг юм.

Энэ сарын эхээр АНУ-ын хууль тогтоогчид $2.2 тэрбумын үнэ бүхий зэвсгийг Тайваньд нийлүүлэх урьдчилсан шийдвэрийг гаргасан.

Хариуд нь Хятадын засгийн газар Тайваньд зэвсэг нийлүүлэхэд оролцсон АНУ-ын компаниудын эсрэг эдийн засгийн хориг тавихаа мэдэгдсэн юм.

Өнөөдөр нийтлэгдсэн “Цагаан ном”-д Ази, Номхон далайн бүсэд АНУ, Япон, Австрали улсууд зэвсэгт хүчний хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа явдлыг “бүс нутгийн тогтвортой байдалд аюул учруулж байна” гэж шүүмжилжээ.

Мөн Өмнөд Солонгост АНУ пуужингаас хамгаалах систем байрлуулсныг бүс нутгийн стратегийн тэнцвэрийг алдагдуулсан явдал гэж буруутгаад дэлхийн хоёрдугаар дайны дараа мөрдөх болсон үндсэн хуулиа Японы эрх баригчид өөрчилбөл зэвсэгт хүчнээ гадаад улс орнуудад илгээх боломжтой болох аюултайг анхааруулсан байна.

 

Эх сурвалж: Associated Press