Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

БГД-т 2018-2019 он дамжин долоон цэцэрлэг, долоон сургууль, нэг спорт заал баригдаж байна

А.Намуун, iKon.mn
2019 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр Улсын төсвийн хөрөнгөөр Баянгол дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцаж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгаврыг өгч ажиллаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүрэгт 2018-2019 онд он дамжин долоон цэцэрлэг, долоон сургууль, нэг спорт заал баригдаж байна.

“Сэтгэмж” цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилгын гүйцэтгэгчээр “Грийн ресурс констракшн” ХХК ажиллаж байна. Гүйцэтгэгч компанийн үйл ажиллагаанаас шалтгаалан есдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орохгүй байх нөхцөл байдал үүсээд байна. Гүйцэтгэгч компанид ажлаа эрчимжүүлэх, холбогдох байгууллагуудыг хяналтаа сайжруулах үүрэг даалгавар өглөө.

 

114-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг “Зөөлөн эхийн сахиус” ХХК барьж байна. Өнөөдрийн байдлаар барилга угсралтын явц 80 хувьтай байна. Гүйцэтгэгч компанийн зүгээс наймдугаар сарын 20-ны дотор өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа талаар танилцуулсан.

Баянгол дүүргийн 20-р хорооны 34-р цэцэрлэгийн шинэ барилгын гүйцэтгэгчээр “Бизнес фокус” ХХК ажиллаж байна. Цэцэрлэгийн барилгыг ирэх есдүгээр сарын 1-нээс өмнө ашиглалтад оруулах бүрэн боломжтой байгаа. Цэцэрлэгийн орц, гарц, гадна тохижилтын ажлын асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байна.

100-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын гүйцэтгэгчээр “Сити ландмарк” ХХК ажиллаж байна. Барилга угсралтын явц өнөөдрийн байдлаар 80 хувьтай байгаа бөгөөд цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын цахилгааныг холбоход хүндрэл үүсэж буй тухай гүйцэтгэгч компанийн зүгээс илэрхийлж байв.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс