Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Туркменистаны ерөнхийлөгч нас барсан тухай цуурхал намжихгүй байна

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Төв Азийн хаалттай улсуудын нэг Туркменистаны ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовыг нас барсан тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс эхлэн тарсан юм.

Гэхдээ энэ мэдээллийг албан ёсны эх сурвалжууд батлаагүй байгаа. Зөвхөн ам дамжсан яриа цуурхлын эх сурвалж болж байна.

Төв Азийн талаар судалдаг мэргэжилтэн гэх Аслан Рубаев Москвагийн “Говорит Москва” радио станцад ярихдаа Туркменистаны нийслэл Ашгабатад амьдардаг хүмүүсээс энэ тухай сонссон гэжээ.

Мөн Туркменистаны сөрөг хүчний YouTube сувгууд ийм мэдээлэл цацсан юм.

Чөлөөт хэвлэлгүй, бүх мэдээллийн урсгалыг хатуу хянадаг Туркменистанаас уг цуурхлын талаар тодруулах боломжгүй байна.

Бердымухамедов долдугаар сарын 5-наас хойш олны өмнө ил гараагүй юм. Европын Холбооны гадаад бодлогын тэргүүн Федерика Могериниг Туркменистанд айлчлахад ерөнхийлөгч нь уулзаагүй байна.

Төрийн өмчийн мэдээллийн сувгууд Бердымухамедовын тухай хуучирсан мэдээнүүдийг давтан үзүүлж байгаа нь анхаарал татаж байгаа юм. Зөвхөн сөрөг хүчний вэбсайт “Chronicles of Turkmenistan” ганцаараа Бердымухамедовыг нас барсан гэх цуурхлыг няцааж, түүнийг хүнд өвчтэй эхийгээ Германд эмчлүүлж байгаа гэж учрыг тайлбарлажээ.

Ням гарагт ОХУ, Киргизистан, Тажикистан дахь Туркмений элчин сайд нар ерөнхийлөгчийнхөө нас барсан тухай цуурхлыг ор үндэсгүй яриа болохыг дараалан мэдэгдсэн юм.

Гэсэн ч цуу яриа намжихгүй байна. Төв Азийн улсуудад төрийн тэргүүний үхлийг удаан хугацаанд нууцалдаг тохиолдол бий.

Жишээ нь 2016 онд Узбекистаны ерөнхийлөгч Ислам Каримовыг нас барахад цуурхал нь албан ёсны мэдэгдэл гарахаас долоо хоногийн өмнөөс эхлэн тарсан байдаг.

Удирдагчийнхаа нас барсныг хэсэг хугацаанд нууцалдаг нь эрх мэдэл шилжүүлэх үйл явцыг гүйцэлдүүлэх зорилгоор цаг хожиж байгаа хэрэг гэж зарим ажиглагчид тайлбарладаг юм.

Тиймээс Туркменистаны ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов нас барсан тухай албан ёсны мэдэгдэл удахгүй Ашгабатаас цацагдахыг үгүйсгэх аргагүй байна.

 

Эх сурвалж: BBC