Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

“Доной” болон “Дэглий цагаан” нисэх буудлын зурвасыг ирэх сард нээнэ гэв

Т.Саран, iKon.mn
2019 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Завхан аймгийн “Доной” нисэх буудалд барьж байгаа онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвасын барилгын ажил болон Увс аймгийн “Дэглий цагаан” нисэх буудлын явгалах замын өргөтгөл ажил дуусаж байгаа бөгөөд ирэх сарын 20-доор нээх талаар Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өнөөдөр мэдээллээ. 

“Доной” нисэх онгоцны буудлын 2,860 м урт, 30 метрийн өргөн хөөрөх, буух зурвасын 8.65 гаруй тэрбум төгрөгийн өртгөөр хатуу хучилттай болгожээ. Ингэснээр тус нисэх буудалд бүх төрлийн хөдөлгүүрт онгоц буух бүрэн боломжтой болж буй аж. 

Харин Увс аймгийн “Дэглий цагаан” нисэх буудлын зурвасыг 500 сая төгрөгийн өртгөөр өргөтгөжээ. 

 
Гэрэл зургийг Mpa.mn

ЗТХ-ийн сайд энэ үеэрээ мөн улсын хэмжээнд хийгдэж буй замын ажлуудын талаар мэдээлэл өгсөн юм. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Налайх, Дарханы замын ажилтай танилцжээ. 

Замын ажлуудын явц:

  • Налайхын замыг 4.7-5.9 км-ээр хуваан, гурван компани ажлыг гүйцэтгэж байна. УБ хотын ЗДТГ-аас хяналт тавьж байгаа. ЗТХЯ мөн хянаж байгаа. “Энэ бүтээн байгуулалт Монгол-Хятадын найрамдалт харилцааны 70 жилийн ойн хүрээнд хийгдэж байгаа учраас энэ жилдээ багтаж ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа. Энэ талаар БНХАУ-ын Дэд дарга Монгол Улсад айлчлах үеэрээ танилцаж, албан ёсоор явуулахаар тогтсон” гэв. 
  • Дарханы зам дээр 5 компани шалгарсан. Үүн дээр туслан гүйцэтгэгч компаниуд ажиллаж байгаа. Нэлээд олон техникийн хүчин чадлаар ажиллаж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж байгаа энэ хоёр эгнээ зам энэ жилдээ багтаж ашиглалтад орох ёстой. 
  • Харин Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэх ажлын эхний шалгаруулалт явагдаж, 2-3 компани гэрээгээ явуулсан. Хоёр дахь шгалгаруулалт наймдугаар сарын 15-нд болно. Ажлыг есдүгээр сарын 15-20-нд багтааж эхлүүлэх төлөвлөгөөтэй. ЕСБХБанкны гэрээ УИХ-аар соёрхон батлагдаагүй байгаа. Үндсэн хуулийн II хэлэлцүүлгийн дараа батлах байх. 
  • Баянхонгорын зам буюу Байдрагийн гүүрний 129 км замын ажил дууссан. Улсын комисс хүлээж авч байгаа. 
  • Говь-Алтайн Баянхонгор чиглэлийн замын 100 км-ийг нь энэ жилдээ багтаан ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэж гүйцэтгэгч компани мэдээлэл өгсөн.   
  • Баян-Өлгийг тойрсон 10 км, цаашаа Цагаан нуур хүртэлх 25 км замын зөвшөөрөл Азийн хөгжлийн банкнаас ирсэн. Удахгүй тендер зарлана. 
  • Увсын чиглэлд явж буй 167 км зам энэ жилдээ дуусна. 
  • Завханы Загастай давааны 67 км замын ажил эхэлсэн. энэ жилдээ 50 хувь нь явж, хойтон тавдугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна гэлээ.