Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

З.Энхболд: Хоёр танхимтай болох асуудал оруулбал Үндсэн хуулийн 35 хувиас хэтэрнэ

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслүүдийг сэдэв бүрээр нь ярилцаж, иргэд, улс төрийн намууд, судлаачдын саналыг сонсон, хуулийн төслүүдийг нэгтгэх үүрэг бүхий Зөвшилцлийн ажлын хэсгээс зохион байгуулж буй хэлэлцүүлэг Төрийн ордонд үргэлжилж байгаа билээ.

Өнөөдрийн хэлэлцүүлэг “Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах нь” сэдвийн хүрээнд явагдлаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлан боловсруулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан парламенттай холбоотой зүйл заалтуудын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулав. Харин 62 гишүүний өргөн барьсан хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулсан юм. 

Ийнхүү хоёр хуулийн төслийг танилцуулснаар хэлэлцүүлэгт оролцогчид хууль санаачлагчдаас асуулт асууж хариулт авав. 

Хэлэлцүүлгийн оролцогчдын асуулт хариултыг тоймлон хүргэж байна.  

Гэр хорооллын хөгжлийн намын төлөөлөл А.Пүрэвдулам: Д.Лүндээжанцан гишүүнээс өнөөгийн парламентыг хэр ёс зүйтэй гэж үзэж байна вэ. Үндсэн хуулийг батлах ёс зүйн чадамжтай парламент гэж үзэж байна уу гэж асууя. Мөн ард нийтийн санал асуулга гэж явагдсан. Энэ ажилд хэр хугацаа зарцуулсан бэ. 

 

Түүнчлэн улс төрийн намуудаас өгсөн саналыг ямар дамжлагаар үнэлснээ танилцуулж өгөөч. Өнөөдрийн энэ хэлэлцүүлгийн ач холбогдол нь яг юу юм бэ. 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Парламентын ёс зүйн асуудал үнэхээр чухал. Парламентын ёс зүй, гишүүдийн хариуцлагатай холбоотой дэг журмыг боловсронгуй болгох чиглэлд анхаарч Ёс зүйн хуулийг боловсруулж байгаа. 

 

Аль ч орны парламент Үндсэн хуулийг батлах хэмжээний сонгуулийн амжилт гаргасан уу үгүй юу гэдэг хэмжүүрийг олонх болсноороо харуулдаг. Гэхдээ энэ асуудлыг зөвшилцөөнөөр шийдэх ёстой. 

Зөвлөлдөх санал асуулгаар эхлээд ямар ч мэдээлэлгүй хүмүүсээс ийм ийм өөрчлөлт оруулна гэж санал авсан. Дараа нь 15, 15-аар нь 49 жижиг групп болгоод мэтгэлцүүлээд, манай эрдэмтэн судлаачид чиглэл чиглэлээр нь тайлбар өгөөд дахиад санал авсан. Ингээд мэдээлэлгүй байх үе болон мэдээлэлжээд хоорондоо ярилцсаны дараа ямар санал өгснийг нь харьцуулсан. Энэ бол иргэдийн санаа бодлыг авах нэг арга. 

Улс төрийн намуудаас ирсэн саналууд байгаа. Эдгээр саналыг бид ажлын хэсгүүдэд хувааж өгөөд, нэг бүрчлэн авч үзсэн. Бид нэмэлт, өөрчлөлт л хийж байгаа. Том том өөрчлөлтийн санал авах гэхээр шинэ Үндсэн хууль болчих гээд байгаа юм. Өнөөдөр шинэ Үндсэн хууль хийх нөхцөл бололцоо ямар байгааг би хэлж мэдэхгүй байна.  

Гэр хорооллын хөгжлийн намын төлөөлөл А.Пүрэвдулам: Ерөнхийлөгч урьд нь "Парламентын засаглалаа улам бэхжүүлж, дээд, доод хоёр танхимтай парламенттай байх нь Монголд тохиромжтой. Үүнийг ард түмнээсээ асуух ёстой. Монголд Ерөнхийлөгчийн засаглал тохирохгүй" гэж хэлж байсан. Үүнийг Үндсэн хуулийн өөрчлөлтөд оруулж болоогүй юм уу. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: Хоёр танхимтай болох асуудал оруулбал Үндсэн хуулийн 35 хувиас хэтрэх гээд байгаа. Маш олон зүйл өөрчлөгдөнө гэсэн үг. Хоёр танхимтай байх нь буруу зүйл биш.

 

Гэхдээ өнөөдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуульд зааснаар Үндсэн хуулийн 35 хувиас илүүг өөрчилбөл шинэчилсэн найруулга болох учраас энэ удаад хэлэлцэх боломжгүй. 

Улс төрийн намууд зүгээр нэг төрийн бус байгууллага биш. Улс төрийн намын гэрчилгээ авсан бол төрийн хэрэгт оролцох гэж байгаа. Монголд байгаа 33 улс төрийн намын 5-6 нь УИХ-д суудалтай байж үзсэн. Төрийн хэрэгт оролцох гэж байгаа бол ядаж таван хувийн санал ав гэдэг хувь тэнцүүлсэн сонгуулийн зарчмаа барина. 800 хамаатнаа цуглуулаад, нам байгуулаад, гэрчилгээ авдаг байсан нь одоо явахгүй.

Угаасаа сүүлийн 30 жилийн сонгууль тийм намуудад орон зай байхгүйг харуулж байгаа. Харин ч олон жижиг намыг нэгдэж, үзэл баримтлалаа тодорхой болго гэж байгаа хэрэг. Ж.Батзандан, Л.Болд хоёрын нам фэйсбүүкээр долоо хоногийн дотор 50 мянган гишүүнтэй болж чадаж байна. Харилцаа холбооны өөрчлөлтийг ашиглан үзэл баримтлалаа сурталчилж болж байна. 

МАХН-ын төлөөлөл Ц.Оюунбаатар: Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг 108 болгох санал шүүмжлэл дагуулаад байгаа.  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: 108 гэдэг тоо хаанаас гарсныг тайлбарлая. 1992 оны Үндсэн хуулийг батлахад Монгол Улсын хүн ам 2,158,362 байсан бол 2019 онд болоод 1,080,117 хүнээр өсөн нэмэгдсэн байна. 

1992 онд УИХ-ын нэг гишүүн 28,399 орчим хүнийг төлөөлж байсан бол өнөөдрийн нэг гишүүн дунджаар 42,611 иргэнийг төлөөлөхөөр байгаа. Хүн амын тоо 1/3-ээр өссөн байхад УИХ-ын гишүүний тоо хэвээр үлдсэн. Тийм учраас дэлхийн жишгийг барья. 3,238,479-өөс куб язгуур гаргах юм бол 144, 1992 оны харьцааг хадгалъя гэвэл 114 болно. Үүнээс буулгаж 108 гэдэг саналыг оруулсан. 

 

УИХ-ын даргын бодлогын зөвлөлийн гишүүн Л.Цог: Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүссэн байгаа юм билээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг батлахдаа Үндсэн хуульд зөрчсөн гээд маргаан үүсгэчихсэн. 
Энэ асуудал явсаар бидний олон сар ярьсан, ажлыг юу ч үгүй болгочих юм биш байгаа. 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: 2000 онд Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлт шүүмжлэл дагуулдаг. Энэ асуудлыг ҮХЦ-д өгчихсөн байгаа. УИХ-ын даргаас бичиг явуулсан. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудал хэлэлцэгдэж байгаа учир үүнийг түдгэлзүүлж өгнө үү гэсэн. Цэцээс нэмэлт, өөрчлөлтийн үр дүнг хүлээж байгаа. Миний мэдэх зүйл ийм л байна. 

МАН-ын төлөөлөл Р.Саруул: Бид Үндсэн хуулиараа гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тодорхойлчихсон байна /Ерөнхийлөгчийн санаалчилсан хуулийн 21.4-т/. Эрүүгийн эрх зүйн ойлголтыг шууд иргэний сонгох эрхэд нөлөөлөх буюу саад учруулах гэж тодорхойлоод, хуйвалдааныг Үндсэн хуульт байгуулалд халдсан гэмт хэрэг гэж үзнэ гэсэн байна. 

Эндээс харахад хуулийн төсөл боловсруулахад эрүүгийн эрх зүйгээр мэргэшсэн хуульчид оролцсон уу гэж асуумаар байна. Энэ заалтыг уншихад их сайхан, популист агуулгатай хэр нь гарах урхаг нь аюултай. Улс төрд хүч үзэж байгаа улстөрчдийг намнах зохицуулалт болсон байх вий гэж харж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: Үүнийг төрийн эсрэг гэмт хэргийн ангилал руу мөнгөөр бүрдсэн парламент хэзээ ч хийхгүй байх байсан. Тийм учраас энд хийж өгч байгаа юм. Төрөө бүрдүүлэхдээ мөнгөнөөс ангижирч чадахгүй бол ард түмний төр биш болно. Хариуцлагыг чангаруулж, гэмт хэргийн бүрэлдэхүүнийг УИХ өөрчлөхгүйгээр зааж өгч байгаа юм.  



УИХ-ын гишүүд болон Ерөнхийлөгчийн өргөн барьсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төслийн парламенттай холбоотой хэсгийг харьцуулан харуулж байна

УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл

27.2

Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулна.

21.1

Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун найман гишүүнээс бүрдэх бөгөөд тавин дөрвөн гишүүнийн нэг мандат бүхий сонгуулийн тойргоос мажоритар тогтолцоогоор, тавин дөрвөн гишүүнийг сонгуулийн нэгдсэн нэг тойргоос пропорцианаль тогтолцоогоор тус тус сонгоно.  

 

27.6

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуулийг Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар батална.

 

21.2

Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, таван жилийн хугацаагаар сонгоно.

 

27.7

Улсын Их Хурлын гишүүд саналаа илээр гаргаж асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэн хууль, бусад хуульд заасан, эсхүл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бол нууц санал хураалт явуулна.

21.4

Улсын Их Хурлын сонгуулийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу мажоритар болон пропорциональ тогтолцоогоор явуулна. Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэний сонгох эрхэд хууль бус аргаар нөлөөлөх буюу саад учруулах оролдлого, хуйвалдааныг Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт халдсан гэмт хэрэг гэж үзнэ. Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно.

 

29.1

Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.

24.2

Улсын Их Хурлын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа таван жил байх бөгөөд хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө чөлөөлж, огцруулж болно.

 

39.1

3асгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.

29.1

Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.

 

22.2

Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж Улсын Их Хурал шийдвэрлэсэн бол Улсын Их Хурал тарна.

 

 

22.3

Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлснээс дөчин тав хоногийн дотор, эсхүл Ерөнхий сайдыг шинээр томилох нөхцөл үүссэн өдрөөс хойш гуч хоногийн дотор Ерөнхий сайдыг томилоогүй бол Улсын Их Хурлыг тараах шийдвэрийг Ерөнхийлөгч гаргана.

 

 

 

22.4

Энэ зүйлийн 2, эсхүл 3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гаргаснаас хойш Улсын Их Хурал арав хоногийн дотор сонгуулийг товлон зарлаж, жар хоногийн дотор явуулна. Шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ хадгална.

 

 

 

6.2

Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчл газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн ei мөн. Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шудар ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална.

 

 

 

25.1.6

“3асгийн газрын гишүүд,” гэснийг хасах.

 

 

25.1.7

төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэл/ тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах. Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шинэ төрөл үүсгэж, зарлага нэмэгдүүлэхгүй. Төрийн санхүү, төсвийн хяналт хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно;

 

 

28.2

Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна.

 

 

 

28.3

Хянан шалгах түр хороо нь холбогдох хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн, хараат бус шинжээч томилох, гэрч дуудах, тайлбар, мэдүүлэг авах, нотлох баримт гаргуулах бүрэн эрхтэй. Түр хороо дүгнэлт гаргаж, шаардлагатай бол тухайн асуудлыг эрх бүхий байгууллагад шалгуулахаар шилжүүлж болно. Түр хорооны дүгнэлт шүүхэд үүрэг хүлээлгэхгүй. Хорооны хэлэлцсэн баримтыг нотлох баримтад тооцох эсэхийг шүүх шийдвэрлэнэ.

 

 

28.4

Байнгын болон бусад хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

 

 

21.4

Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно. Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.