Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

С.Даваасүрэн: Хавчуургатай талхнаас хордлого авсан иргэдийн биеийн байдал тогтворжсон

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

2019 оны долоодугаар сарын 18-22-ны өдөр ТҮЦ-ээс хиам, өндөгтэй хавчуургатай талх худалдан авч идсэн 22 иргэн хоолны хордлого гэсэн оноштойгоор ХӨСҮТ-д хүргэгдсэн талаар НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэнгээс тодрууллаа.

- Хордсон иргэдийн биеийн байдлын талаар мэдээлэл өгч болох уу?

- Өнгөрсөн Бямба гарагт мэргэжлийн хяналтын байгууллагад 22 хүн хиам, өндөгний хавчуургатай талх ТҮЦ-нээс худалдаж авч идсэн хүмүүс хордлогонд орсон гэсэн мэдээлэл ирсэн.

Тус бүтээгдэхүүнээс нийт 22 хүн хордож, хоёр хүн нь сэхээнд орсон. Ерөнхийдөө өнөөдрийн байдлаар хордсон хүмүүсийн биеийн байдал тогтворжиж байна гэсэн мэдээлэлтэй байна.

Эрчимт эмчилгээ хийлгэж байсан хоёр хүний нэг нь 62 настай, нөгөөх нь бөөрний архаг дутагдалтай хүн байсан бөгөөд өнөөдрийн байдлаар бөөрний архаг дутагдалтай хүний биеийн байдал сайжирч, энгийн тасаг руу шилжсэн. Харин нөгөө хүний шинжилгээний хариу хараахан гараагүй. Шинжилгээний хариу нь хэрвээ сайн гарвал энгийн тасаг руу шилжүүлнэ гэсэн мэдээллийг манайд ирүүлсэн.

-Тухайн бүтээгдэхүүнийг бэлтгэсэн иргэнд яг ямар хариуцлага тооцох вэ?

- Мэдээллийн дагуу бид хяналт шалгалт хийхэд Баянзүрх дүүргийн харьяат ээж охин хоёр тус дүүргийн 6-р хороонд байрлах байранд ийм төрлийн бүтээгдэхүүн бэлтгэж, ТҮЦ-үүдээр тараасан байсан. Хордлогод орсон иргэд Тэнгис кино театр, Хүүхдийн урлан бүтээх төв болон Багшийн дээд, Бөхийн өргөөний автобусны буудлын ойролцоох ТҮЦ-үүдээс энэ бүтээгдэхүүнийг авч идсэн байна. 

Бид ТҮЦ-үүдээр тараагдсан 157 бүтээгдэхүүнийг бүгдийг нь устгасан. Мөн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан газрын үйл ажиллагааг зогсоож, зөрчлийн хэрэг үүсгэн ажиллаж байна.

Тухайн иргэн нь зориулалтын бус байранд орц найрлага болон хадгалалтын горим нь тодорхой бус ямар ч хаяг шошгогүй бүтээгдэхүүн бэлтгэж борлуулсан. Уг нь Хүнсний тухай хуулиар бол үйл ажиллагаа явуулах тухайгаа Мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэх ёстой байдаг.

Тухайн иргэдийг зөрчлийн тухай хуульд зааснаар 50,000-300,000 төгрөгөөр торгоно. Иргэд чамлалтай хандаж магадгүй ч Мэргэжлийн хяналтын байгууллага бол батлагдсан хууль дүрэм стандартын хэрэгжилт дээр хяналт тавьж ажилладаг. Тиймээс хуульд заасан, заалтаар л арга хэмжээ авна. 

- Ер нь хүнсний дэлгүүрүүдэд чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн борлуулж байгаа талаар хяналт шалгалтыг хийдэг үү ?

- Мэргэжлийн хяналтын байгууллагад нийслэлийн сая гаруй хүнд хүрч үйлчилдэг 300 гаруйхан байцаагч байдаг. Тиймээс өдөр бүр шалгалт хийж чадахгүй. ТҮЦ л гэхэд 1,000 орчим байна. Өнөөдөр очиж шалгалаа гэхэд маргааш нь гаргаад л ирнэ. Өчигдрийн байдлаар бүх дүүргүүдийн ТҮЦ-үүдийг шалгаж ороомог, пирошки гэх мэт шууд хэрэглэдэг бүтээгдэхүүнд шалгалт хийж, хураан устгасан.

Аливаа хүнсний бүтээгдэхүүнд хадгалалтын горим шаарддаг. Хадгалалтын горим нь алдагдснаас болж л тухайн хүнсний бүтээгдхүүн хүний биед сөргөөр нөлөөлнө. Мэргэжлийн хяналтын байгууллага сүүлийн 10 гаруй жил ТҮЦ-нд хүнсний бүтээгдэхүүн худалдаалахын эсрэг тэмцэж байна. 

Тиймээс наймдугаар сарын 10 эсвэл 15-наас хойш оюутан, сурагчид цуглахаас өмнө ТҮЦ-нд хүнсний бүтээгдэхүүн худалдахыг хориглох талаар зөвлөлдөж байна. Харин хадгалалтын горим шаарддагүй, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлхөөргүй зүйл зарахыг нь хориглохгүй. Зөвхөн хүнсний бүтээгдэхүүн л битгий зар гэсэн шаардлага тавихаар төлөвлөж байна

Хэдийгээр ТҮЦ эрхлэгчид өөрсдийнхөө ажлын байрыг бий болгож байгаа ч өрөөлийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээр хадгалалтын горимд нийцэхгүй хүнсний бүтээгдэхүүн борлуулж болохгүй. Энэ талаар бид НИТХ-аар журам батлуулсан боловч Хууль зүй дотоод хэргийн яам бүртгэж аваагүй. 

Иргэд өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалж, бизнес эрхлэгчид аюулгүй чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх үүрэгтэй.

Тиймээс иргэддээ хаяг шошгогүй хүнсний бүтээгдэхүүн, зориулалтын бус газраас авч идэхгүй байхыг анхааруулж байна.