Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

С.Төмөрдулам: Улаанбаатар хотын хэмжээнд аюулгүй байдал, дүрэм журам зөрчсөн 5,423 асуудлыг арилгахаар ажиллаж эхэлсэн

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улаанбаатар хотын орчны аюулгүй байдал, дүрэм журам зөрчсөн иргэн, ААН-үүдийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.  

Хотын стандарт, орчны аюулгүйн байдлын хяналт зохицуулалтын газар шинээр байгуулагдаад хоёр сарын нүүрийг үзэж байна.

Тэгвэл тус газраас дээрх хугацаанд ажлын алба гарган, Улаанбаатар хотын хэмжээнд аюулгүй байдал, дүрэм журам зөрчсөн 5,423 асуудал буйг тогтоожээ.  

Сургуулийн орчны аюулгүй байдал алдагдсан 250 гаруй асуудал байна
 
Гэрэл зургийг MPA.mn

“Ажлын хүрээнд холбогдох байгууллагуудтай хамтран 54 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргаж, асуудлуудыг газар дээр нь шийдэх, аюулгүй байдал үүсгэж буй шалтгааныг судлах ажлыг зохион байгуулан ажиллалаа.

Тухайлбал, ажиллах явцад барилгын гадна талын орчны аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан нөхцөл байдалтай газрууд хотын хэмжээнд 362 асуудал байсан. Өнөөдөр гудмаар явахад л аюулгүй байдал хэрхэн алдагдсан нь нүдэнд ил байна. Үүнээс гадна сургуулийн орчны аюулгүй байдал алдагдсан 250 гаруй асуудал байлаа.

Тиймээс нийслэлийн засаг даргын албан даалгавар гарган 5,423 асуудлаа бүлэглэж, гурван сарын хугацаатайгаар асуудлыг арилгуулахаар ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өгсөн. Эхнээсээ ажилдаа орсон” хэмээн Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам хэлэв.

Мөн "Бид өнөөдрийн байдлаар 90 гаруй байршилд газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор 140 гаруй обьектыг чөлөөлсөн. 

Цаашид аравдугаар сарын 1-н хүртэл 198 байршлын газрын зөрчил арилгах төлөвлөгөөг нэмж гаргасан” хэмээн Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай хэллээ.