Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Венесуэль улсыг дахин харанхуй нөмөрлөө

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Венесуэль улсад цахилгаан эрчим хүчний хангамж дахин тасалджээ. Энэ удаа тус улсын 24 мужийн 14 нь гэрэл цахилгаангүй болж, нийслэл Каракас хотыг бас харанхуй нөмөрчээ.

Даваа гарагийн үдээс хойш орон даяар эрчим хүч тасалдсан шалтгааныг дайснуудын “цахилгаан соронзон зэвсгийн халдлага” гэж Венесуэлийн засгийн газар зарласан байна.

Тус улсын мэдээллийн сайд Хорге Родригез ард иргэддээ тайван байхыг уриалж, эрчим хүчний хангамжийг сэргээхээр шуурхай бүлэг ажиллаж байгааг зарлажээ.

Эмнэлгүүдийн гэрэл цахилгааныг нөөц эх үүсвэрээр хангаж, нийгмийн дэг журмыг алдагдахаас сэргийлэхийн тулд зэвсэгт хүчнийг дайчилсныг бас мэдэгдсэн байна.

Өнгөрсөн гуравдугаар сард Венесуэлийн түүхэнд хамгийн том эрчим хүчний тасалдал үүсэхэд улс орон бараг бүхэлдээ гэрэл цахилгаангүй долоо хоносон юм.

Төрийн өмчид байдаг Венесуэлийн эрчим хүчний дэд бүтэц элэгдэлд орж, олон жил засвар үйлчилгээ, шинэчлэл хийгдээгүй байгаа нь тасалдлын гол шалтгаан гэж мэргэжилтнүүд дүгнэдэг. Харин Каракасын эрх баригчид үүний цаана АНУ-ын санхүүжүүлсэн хорлон сүйтгэгчид ажиллаж байгаа гэж тайлбарладаг юм.

Энэ удаагийн тасалдал хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байна.

 

Эх сурвалж: Reuters