Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Зөвхөн Ерөнхий сайд давхар дээлтэй байна гэдэг хатуу заалт хийж өгвөл сөрөг үр дагавар гарах эрсдэл бий"

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын 62 гишүүн болон Монгол Улсын Ерөнхийлөгч тус тусдаа өргөн бариад байгаа билээ. Гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг нэгэнт хэлэлцээд эхэлсэн. Харин Ерөнхийлөгчийн өргөн барьсан санал, төслийг иргэдэд танилцуулахаар УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж буй. 

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл, саналыг Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий төрийн тэргүүнээр ахлуулсан Ажлын хэсгийг УИХ-аас байгуулсан. Уг ажлын хэсгээс Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой зүйл заалтаар иргэд, улс төрийн намууд, судлаачид санал солилцох хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. 

Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж үг хэлсэн бол түүний санаачилсан хуулийн төслийг Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулав.

Харин УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулсан. 

Үүний дараа УИХ дахь АН-ын зөвлөлийн байр суурийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа танилцуулсан юм. 



УИХ-ын гишүүд болон Ерөнхийлөгчийн өргөн барьсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төслийн Засгийн газартай холбоотой хэсгийг харьцуулан харуулж байна. 

УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл

39.2

УИХ-д олонх суудал авсан нам, эвслийн нэр дэвшүүлсэн хүн; аль ч нам, эвсэл олонхын суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд УИХ-д суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулна.  

39.1

3асгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд Улсын Их Хурлын гишүүн байх бөгөөд Засгийн газрын бусад гишүүд Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч үл болно.

39.3

Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлнэ.

39.4

3асгийн газар Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон тогтвортой хөгжлийн бодлогод нийцсэн үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулж бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлнэ. 

39.4

3асгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна.

 

39.5

3асгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэж буй эсэхийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцэн шийдвэрлэнэ.

43.1

Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Xyрлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох, өмнөх Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцно.

 

39.6

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогод нийцэж буй эсэхэд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан, хараат бус байгууллага хянапт тавьж, дүгнэлтээ Улсын Их Хурлаар хэлэлцүүлнэ.

 

43.2

Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээр огцорно.

 

39.7

Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан, бодлогын тогтвортой байдалд хараат бусаар хяналт тавих байгууллагын чиг үүрэг, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

 

44.1

Ерөнхий сайд улсын төсөв, бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ.

 

39.8

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон тогтвортой хөгжлийн бодлогыг Улсын Их Хурал батлах бөгөөд Ерөнхийлөгч, Засгийн газар, аймаг, хот, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлаас санал авах, хэлэлцэх, батлах журмыг хуулиар тогтооно.

 

 

44.2

Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.

40.1

3асгийн газрын бүрэн эрхийн хугацаа таван жил байна.

 

Хэлэлцүүлэгт оролцогчид дээрх хоёр хуулийн талаар байр сууриа илэрхийллээ.  

"УИХ-ын сонгуулийн дор хаяж 50 хувь нь хувь тэнцүүлсэн хэлбэрээр явагдсан тохиолдолд таван жил байхыг дэмжинэ" 

 

ХҮН-ын Удирдах зөвлөлийн дарга Т.Доржханд: Хөдөлмөрийн Үндэсний Намын хувьд Үндсэн хуулийг өөрчлөхийг дэмжиж байгаа. Бүр шинэчлэн найруулах ёстой гэсэн байр суурьтай байсан. 1992 оны хууль нь шаардлага хангахгүй, мөлгөр байна гэж эдийн засагчид болон манай намынхан үзэж байгаа. Бид парламентын засаглалаа улам тодорхой болгоод явах нь зүйтэй. Мөн ажил хийдэг Засгийн газартай байх ёстой гэж үзэж байгаа.

Ингэхийн тулд Засгийн газар эрх мэдэлтэй, нөгөө талдаа хариуцлагатай байх ёстой. Ерөнхий сайд нь Засгийн газрын гишүүнээ өөрөө томилдог байх нь зүйтэй. Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ, Засгийн газар таван жилийн хугацаатай үйл ажиллагаа явуулна гэснийг дэмжиж байгаа. Гэхдээ УИХ-ын сонгуулийн дор хаяж 50 хувь нь хувь тэнцүүлсэн хэлбэрээр явагдсан тохиолдолд таван жил байхыг дэмжинэ. 

Давхар дээлийн тухайд Ерөнхий сайд нь давхар дээлтэй байх нь зөв. Бид давхар дээлийн эсрэг байгаа

Олон улсын жишгээс 130-140 гишүүнтэй байх нь Монгол Улсад хэрэгтэй юм гэж харж байгаа. Ерөнхийлөгч парламентын гишүүдийн тоог нэмнэ гэж байгаа нь зарчмын хувьд зүйтэй гэж үзэж байгаа

Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газрын үйл ажиллагааг хянах асуудлыг дэргэдээ аваачиж байгаа нь маш буруу. Төрийн нарийн бичгийн даргыг Үндсэн хуулийн хамгаалалтад авна гэж байгаа нь байж боломгүй зүйл

Ерөнхийлөгч Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага байгааг мэдсээр байж анхнаас нь оролцохгүй явна гэдэг нь хариуцлагагүй асуудал. Судлаач, гишүүдийн санаачилсантай адил хэмжээний өөрчлөлтийг хамгийн сүүлийн шатанд барьж орж ирж байгаа нь хариуцлагагүй зүйл. Улс орны төрийн тэргүүн ийм хариуцлагагүй хандаж болохгүй. 

"Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч Засгийн газраа толгойлох ёстой" 

 

МАХН-ын дарга Н.Энхбаяр: Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч Засгийн газраа толгойлох ёстой. Парламент нь зөвхөн хууль хэлэлцэн батлах ажил л хийх ёстой. Засгийн газрын ажил руу битгий хутгалд. Харин Ерөнхийлөгч Засгийн газраа толгойлоод ажлаа л хийнэ. Ийм байдлаар гүйцэтгэх засаглалын тогтвортой байдлыг хангах хуулийн тогтолцоо бидэнд хэрэгтэй. Одоо хийх гэж байгаа өөрчлөлтөөр нэг намын, тэр дундаа олонх болсон намын даргын дарангуйллыг тогтоох аюулыг авчрах гээд байна

"Зөвхөн Ерөнхий сайд давхар дээлтэй байж болно гэдэг заалт холимог тогтолцоотой үед л амилна" 

 

Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр: Ард иргэдийн нийтээрээ дэмжиж байгаа нэг зүйл бий. Тэр бол давхар дээлийг хязгаарлах. Үүн дээр талууд 100 хувь санал нэгтэй байх шиг байна. Гэхдээ УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан хуульд Ерөнхий сайд дээр нэмэх нь дөрвөн гишүүн давхар дээлтэй байж болно гэсэн бол Ерөнхийлөгч зөвхөн Ерөнхий сайд давхар дээлтэй байж болно гэсэн байна. 

Үндсэн хуулийн хамгийн гол хийгдэж байгаа өөрчлөлт бол тогтвортой Засгийн газрыг байгуулдаг болъё гэдэг чиглэлд хийгдэж байгаа. Яг энэ зарчмаа барих юм бол гишүүдээс оруулж ирсэн таван хүнээр хязгаарлая гэдэг нь их боломжтой санал юм. Яагаад гэвэл Үндсэн хуулийн өөрчлөлтийг яг өнөөдрийн нэг нам олонх болсон парламентаар дүгнээд байж болохгүй. 

Бид хэн ч олонх болохгүй байх нөхцөлийг ч тооцох ёстой. Хамгийн багадаа 20-30, цаашлаад 100, 200 жилийг харж тогтвортой мөрдөгдөх Үндсэн хуулийг батлах ёстой. Тиймээс улс төрийн намууд зөвшилцөж, намуудын лидерүүд нэг танхимд багтаж, Засгийн газраа байгуулах боломжийг бүрдүүлэхгүй бол, ганцхан Ерөнхий сайд давхар дээлтэй байна гэдэг заалтыг хатуу хийж өгвөл сөрөг үр дагавар дагуулах эрсдэл бий. 

Аль нь ч олонх болохгүй тохиолдолд Засгийн газраа бүрдүүлэхийн тулд эсрэгээрээ Засгийн газраа тэлээд, магадгүй 10 биш 20 яам, нэг биш 2-3 дэд сайдтай болгож байж бүх намын төлөөллийг бүрдүүлэх байдлаар данхар Засгийн газар байгуулах эрсдэл бий болно.

Ерөнхий сайдаа ч томилж чадахгүй, үүний улмаас УИХ өөрөө тарах эрсдэл бий болохыг үгүйсгэх аргагүй юм.  

Зөвхөн Ерөнхий сайдыг давхар дээлтэй байж болно гэж зөвшөөрөх гэж байгаа тохиолдолд зайлшгүй нэг зүйлийг хамтад нь шийдэхгүй бол болохгүй. Тэр нь сонгуулийн холимог тогтолцоо. Сонгуулийн холимог тогтолцоог шийдэхгүйгээр зөвхөн Ерөнхий сайд давхар дээлтэй байх механизм ажиллахгүй.

Ингэсэн тохиолдолд намууд сонгуульд оролцохдоо жагсаалтын эхний 15-д байгаа нэр дэвшигчдийг сайдаар томилно гэдгээ зарлах хэрэгтэй. Тухайн нам олонх болсон тохиолдолд эхний 15-д байсан нэр дэвшигчид гишүүнээсээ татгалзаад, дараа дараагийн хүмүүс нь УИХ-д орж ирэх боломжтой болно. Зөвхөн Ерөнхий сайд давхар дээлтэй байж болно гэдэг заалт холимог тогтолцоотой үед л амилна.   

Маргааш буюу долоодугаар сарын 23-ны Мягмар гарагт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг "Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах" сэдвээр үргэлжилнэ.