Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

Зеленскийн нам Украины парламентын түүхэнд анхны үнэмлэхүй олонх боллоо

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийн “Ард түмний зарц” нам Ням гарагт болсон ээлжит бус сонгуулиар үнэмлэхүй олонх болсон нь тус улсын орчин үеийн түүхэнд анхны тохиолдол боллоо.

“Ард түмний зарц” нам намын жагсаалтаар 122 орчим суудал, нэг мандаттай шууд сонгох тойргуудаас 125 суудал авсан нь өнөөдөр өглөөний байдлаар тодорхой болжээ.

Ингэснээр 424 суудалтай Украины парламентын 246 суудал “Ард түмний зарц” намынх болж байна. Үүнээс гадна тойргуудад 50 гаруй бие даагч ялалт байгуулсан нь Зеленскийн намын суудал цаашдаа нэмэгдэх магадлалтай болгож байгаа юм.

Одоо Володимир Зеленский засгийн газраа байгуулахад эвсэл байгуулах шаардлагагүй болж байна.

Гэхдээ урьдчилсан дүн гарахаас өмнө Зеленский тус улсын рок од Святослав Вакарчукын “Дуу Хоолой” намтай эвсэх санал тавьж байсан юм.

Вакарчукын нам энэ удаагийн сонгуулиар 6.3 хувийн санал аваад байна.

Зеленский болон Вакарчукын намууд хүч түрэн орж ирснээр Украины шинэ парламентын бүрэлдэхүүний 60 гаруй хувь цоо шинэ хүмүүсээр бүрдэж байгаа юм.

Москвагийн талыг баримтлагч “Амьдралын төлөө-Сөрөг хүчний платформ” нам 11.5 хувь, экс ерөнхийлөгч Петро Порошенкогийн “Европын Эв нэгдэл” нам 8.9 хувь, экс ерөнхий сайд Юлия Тимошенкогийн “Эх орон” нам 7.6 хувийн санал тус тус аваад байна.

Эдгээрээс Тимошенкогийн намтай Зеленский хамтран ажиллах магадлалтай бол бусад намууд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэнэ гэж зарим судлаачид таамаглажээ.

Ийнхүү Украины ард иргэд авлигыг бууруулж, салан тусгаарлах дайны галыг зогсоож, эдийн засгаа өөд татах уриатай Зеленскийд бүх эрх мэдлийг өглөө.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty