Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Дайвар бүтээгдэхүүнийн ЭКСПОРТ жилийн дотор 12.8 дахин, үхрийн махных 75.8% өсжээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
Хөдөө аж ахуйн салбар ямар чухал болохыг 2018 оны байдлаар МАА-н салбар Монгол Улсын ДНБ-ий 10.8%-ийг бүрдүүлж, экспортын орлогын 9.2%-ийг ХАА-н гаралтай бүтээгдэхүүн эзэлж байгаа нь илтгэнэ.
 
Түүнээс гадна Монгол Улсын нийт экспортын 90 орчим хувийг дангаар эзэлдэг уул уурхайн салбар Монгол Улсын ажиллах хүчний 5 хүрэхгүй хувийг ажлын байраар хангадаг бол 2018 оны байдлаар Хөдөө аж ахуйн салбарт 26.7% нь хамаарч байна. Тийм ч учраас хөдөө аж ахуйн салбар манай улсын эдийн засгийн гол, бодлогын салбар ёстой билээ. 

Гэвч тус салбарын экспорт 2018 онд өнгөрсөн оноосоо нэмэгдсэн ч импорт дагаад өссөнөөс гадна энэ салбар бүтээгдэхүүнийхээ 90 орчим хувийг дотооддоо боловсруулж чадахгүй байгааг Үндэсний статистикийн хорооноос хийсэн Хөдөө аж ахуйн салбарын 2018 оны үзүүлэлтүүдийн талаарх судалгаа харуулж байна.

Махны экспорт цойлсон жил

Хөдөө аж ахуйн гаралтай гол нэрийн бүтээгдэхүүн, түүхий эдийн экспорт 2018 онд 642.9 сая ам.доллар буюу нийт экспортын орлогын 9.2 хувийг эзэлсэн нь өмнөх оноос 125 сая ам.доллар буюу 24.1%-аар өссөн үзүүлэлт юм.

Өсөлтийг задалж харвал: 

  1. Нэхмэл, нэхмэлийн бүтээгдэхүүнийх 74.3 мянган ам.доллар
  2. Хүнсний бүтээгдэхүүнийх 68.4 ам.доллароор
  3. Мал, амьтад тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнийх 34.7 мянган ам.доллароор өссөн нь голлон нөлөөлсөн байна. 

Махны экспорт цойлсон жил 2018 онд тохиов.

Мал аж ахуйн гол нэрийн бүтээгдэхүүн болох махыг Монгол Улс өнгөрсөн онд Хятад, Орос, Вьетнамын чөлөөт бүс, Иран, Казахстан, Япон зэрэг улс руу бэлтгэн нийлүүлжээ. Ийнхүү экспортолсон махны төрлийг 2017 оны тоон үзүүлэлттэй нь харьцуулбал:  

  • Дайвар бүтээгдэхүүн 12.8 дахин
  • Хонь, ямааны мах 2.4 дахин
  • Үхрийн мах 75.8 хувь
  • Адууны мах 23.3 хувиар тус тус өссөн байна.  

График 1, Махны экспортын хэмжээ, 2017-2018

 

 

График 2, Мах экспортын орлого,

 

График 3, Мах экспортын гаалийн нэгжийн дундаж үнэ,

 

Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын экспортын бас нэгэн гол бүтээгдэхүүн болох ноос, ноолуурын хувьд ч өсөлттэй байжээ. 

Гэхдээ самнасан ноолуурын экспортын хэмжээ 8.4 хувиар, тэр дундаа тэмээний ноосных 34.6%, хонины ноосных 24.1 хувиар, бохир ноолуурынх 2.3 хувиар буурсан байна. 

2018 онд бэлтгэсэн хонины ноосны 36.9% (12.2 мянган тонн), бэлтгэсэн ямааны ноолуурын 48.3% (5.3 мянган тонн)-ийг бохир ноолуур хэлбэрээр буюу боловсруулалтгүйгээр экспортолсон бол 5.8 хувь буюу 0.6 мянган тонныг самнасан ноолуур хэлбэрээр гаргажээ.

Импорт 147.6 сая ам.доллараар өсөв

ХАА-н гаралтай бүтээгдэхүүний импорт өссөн үзүүлэлттэй байсныг дээр дурдсан. 2018 онд нийт 772.1 сая ам.долларын бүтээгдэхүүн оруулж ирсэн нь нийт импортын 13.1 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн оноосоо 147.6 сая ам.доллар буюу 23.6 хувиар өсжээ. 

Энэхүү өсөлтөд:

  • Хүнсний бүтээгдэхүүний импорт 58 сая ам.доллар буюу 15.3%
  • Ургамлын гаралтай бүтээгдэхүүнийх 55.5 сая ам.доллар буюу 71.1%
  • Нэхмэл, нэхмэлийн бүтээгдэхүүнийх 17.9 сая ам.доллар буюу 24.8 хувиар өссөн нь голлон нөлөөлснийг судалгаанд өгүүлжээ. 

Тухайлбал, 2018 онд бэлтгэсэн нийт хонины ноос 33 сая тонн байснаас 12.2 мянган тонныг экспортод гаргаж, 2.0 мянган тонн хонины ноосыг импортоор оруулж ирсэн байна.

Ноос, ноолуурын 10 орчим хувийг л дотооддоо боловсруулж чадаж байна

Дотоодын үйлдвэрт 2018 онд: 

  • Адууны мах 24 мянган тонн
  • Хонины мах 9.2 мянган тонн
  • Ямааны мах 6.5 мянган тонн
  • Үхрийн мах 5.5 мянган тонн
  • Дайвар бүтээгдэхүүн 0.4 мянган тонн буюу нийт 45.6 мянган тонн мах, дайвар бүтээгдэхүүн боловсруулсан нь өмнөх оныхтой харьцуулахад 76.7 хувиар нэмэгдсэн байна. 

Гэхдээ энэ нь өнгөрсөн онд нийт бэлтгэсэн махны 8.9 хувьтай тэнцэж буй юм. Өөрөөр хэлбэл, нийт бэлтгэсэн махныхаа 10 хүрэхгүй хувийг л дотоодын үйлдвэрүүдэд үйлдвэрийн аргаар боловсруулж, бүтээгдэхүүн болгон гаргажээ.

Сүү, сүүн бүтээгдэхүүний дотоод үйлдвэрлэлийн тухайд 55.8% өссөн дүнтэй байна. Тодруулбал, 2018 онд нийт үйлдвэрлэсэн сүүний 15.0 хувь болох 135 сая литр сүүг үйлдвэрийн аргаар боловсруулж, шингэн сүү, тараг, бяслаг, аарц, цөцгий зэргийг үйлдвэрлэжээ. 

2018 онд улсын хэмжээнд бэлтгэсэн үхрийн ширний 25.8 хувьтай тэнцэх 268.4 мянган ширхэг, хонины арьсны 1.5 хувьтай тэнцэх 129.2 мянган ширхэг, ямааны арьсны 22.9 хувьтай тэнцэх 1.4 сая ширхэг арьс, ширийг тус тус дотоодын үйлдвэрт боловсруулжээ. 

Түүнчлэн:

  • Нийт үйлдвэрлэсэн ноосны (тэмээ, хонь) 9.5 хувь буюу 3.3 мянган тонн
  • Угаасан ноос, ноолуурын 10.6 хувь болох 1.2 мянган тонн самнасан ноолуурыг үйлдвэрийн аргаар бэлтгэсэн байна.