Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэг улс саран дээр буулгах станцаа өнөөдөр хөөргөнө

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Энэтхэг улс саран дээр буулгах судалгааны станцаа өнөөдөр Улаанбаатарын цагаар 16:43 цагт хөөргөх гэж байна. 

Долоо хоногийн өмнө Чандраян-2 станцийг хөөргөх гэж байсан ч техникийн гэмтэл гарсны улмаас 56 минутын өмнө ажиллагааг цуцалж байв.

Нийт $150 саяын өртөгтэй уг төсөл амжилттай хэрэгжвэл Чандраян-2 судалгааны станц сарны өмнөд туйлд газардаж, Энэтхэг улс АНУ, Орос, Хятадын дараа дэлхийн дагуул дээр техникээ буулгаж чадсан дөрөв дэх улс болох юм.

Энэтхэг улс 2008 онд Чандраян-1 станцыг хөөргөсөн нь сарны тойрог замд ажиллаж, радарын тусламжтайгаар сарны хөрсөнд байгаа усны талаар нарийвчилсан судалгаа хийж байжээ. Тэгвэл Чандраян-2 нь сарны гадарга дээр газардаж, ус болон бусад эрдэс бодисын эрэл хайгуул, судалгааг гүйцэтгэх юм.

Энэ удаагийн аялалдаа Энэтхэг улс өөрийн бүтээсэн хамгийн хүчтэй пуужинг ашиглах гэж байна. GSLV Mk-III (Geosynchronous Satellite Launch Vehicle Mark III) пуужин нь 640 тонн жинтэй, 44 метр өндөр буюу 14 давхар барилгатай тэнцүү.

Уг пуужин сарны тойрог замд ажиллах хөлөг, газардах станц, сарнаа явагч машин гэсэн гурван техникийг тээвэрлэх юм.

Өнөөдөр эхэлсэн аялал 384,000 км зам туулж, есдүгээр сарын 6-нд Чандраян-2 станцыг саран дээр буулгана.

Уг төсөлд 1,000 гаруй эрдэмтэн, инженер мэргэжилтнүүд оролцсон бөгөөд анх удаа эмэгтэй хүн удирдаж байгаагаараа онцлог юм байна.

 

Эх сурвалж: BBC