Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

Автомашиндаа 3 кг орчим мансууруулах төрлийн ургамал тээвэрлэж явсан иргэдийг саатуулжээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Автомашиндаа мансууруулах төрлийн ургамал тээвэрлэж явсан иргэдийг саатуулан шалгахад, өөрсдөө мансуурсан болох нь тогтоогджээ.

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн СХД-ийн 22-р хороо Тахилтын шалган нэвтрүүлэх цэгээр дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслийг 2019 оны долоо дугаар сарын 20-ны өдөр саатуулан шалгасан байна. Ингэхэд 3 кг орчим мансууруулах төрлийн бодис байж болзошгүй ургамалыг илрүүлэн, тээвэрлэж явсан хоёр иргэнийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн шалгуулжээ.

Налайх дүүргийн харьяат 22-23 насны эрхэлсэн тодорхой ажилгүй Г, Ц нарыг мансууруулах бодис илрүүлэх тестээр шалгаж үзэхэд, мансуурсан болох нь тогтоогдсон байна.


Хуулийн заалт:

20.7 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах

1.Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг:

3.1.байнга тогтвортой;

3.2.улсын хилээр нэвтрүүлж;

/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

3.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

4.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж дөчин мянган нэгжээс хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.