Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, гэр хорооллын газрыг дахин хөгжүүлэх төсөл хөтөлбөрийн дагуу орон сууцны хороолол, хотхоны дунд сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөгдөн батлагдсан боловч өнөөг хүртэл баригдаагүй байгаа байршлын газар эзэмших эрхийг нийслэлийн Боловсролын газарт шилжүүлэх захирамжийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан гаргалаа.
Мөн холбогдох хууль тогтоомж, барилгын норм ба дүрмийн дагуу сургууль, цэцэрлэгийн барилгыг төлөвлөн, хэрэгжилтийг чанд мөрдөж, төлөвлөлтийг өөрчлөн батлахгүй байхыг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт, шилжүүлсэн газар, баригдсан сургууль, цэцэрлэгийг нийслэлийн өмчид бүртгэн, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газарт тус тус үүрэг болгосон байна.
Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, гүйцэтгэл, үр дүнг тухай бүрт танилцуулж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай нарт даалгалаа.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс