Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Энхбат: БНСУ-аас Монголын соёлын өвийг бүртгэн баримтжуулах, хамгаалахад техникийн туслалцаа үзүүлнэ

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Соёлын өвийн үндэсний төв, Солонгосын Соёлын өвийн сан хооронд соёлын өвийг хадгалж, хамгаалахад хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

Монгол, Солонгос хоёрын хооронд соёлын өвийг хамгаалах чиглэлээр нарийвчилсан хамтын ажиллагаа өмнө нь байгаагүй. Харин өнөөдрийн уулзалтаар хамтын ажиллагаагаа эхлүүлж буй явдал нь сайн хэрэг. БНСУ нь соёлын биет бус өвийг хамгаалах чиглэлээр нэлээд туршлагатай улс. Тиймд тус улсын өв соёлоо хадгалж үлддэг туршлагаас Монголдоо нэвтрүүлэхийг зорьсон болохыг уулзалтын үеэр Соёлын өвийн үндэсний төвийн Захирал Г.Энхбат онцоллоо.

 
Гэрэл зургийг MPA.mn

Мөн тэрбээр Солонгосын талаас Монголын соёлын өвийг бүртгэн баримтжуулах, хамгаалах зорилгоор баригдаж буй “Соёлын өвийн үндэсний төв”-д техникийн туслалцаа үзүүлж, бусад зүйлсээр хамтран ажиллана. “Соёлын өвийн үндэсний төв”-ийн шинэ барилга энэ оны аравдугаар сард ашиглалтад орох  төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгааг хэлэв.

2019 оны тооллогоор Монгол Улсын музейд 240 мянга гаруй үзмэр байгаа нь тогтоогджээ. Эдгээрээс эвдрэл, гэмтэлтэй үзмэр 60-70 хувийг нь эзэлдэг байна. Иймд нэн яаралтай үзмэрүүдийг сэргээн засварлах шаардлагатай байгаа аж. 

Гэтэл одоогийн байдлаар тус салбар жилд 20 орчим байгууллагаас 150-200 орчим музейн үзмэрийг сэргээн засварлах хүчин чадалтай. Сэргээн засварлах ажлыг хийж буй арав гаруй хүн нь хаанаа ч хүрдэггүй гэдгийг уулзалтын үеэр хэллээ. Тиймээс шинэ төв ашиглалтад орохоор  ажлын байраа үе шаттайгаар нэмэх зорилго тавьжээ.

Солонгосын Соёлын өвийн сан нь соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах, бүтээлч байдлаар хөгжүүлэх, сурталчлан таниулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэргэдэх төрийн байгууллага юм.

Бид өөрсдийн хуримтлуулсан туршлагаасаа Монголд харамгүй хуваалцана
 
Гэрэл зургийг MPA.mn

БНСУ-ын Соёлын өв хамгаалах сангийн тэргүүн Жонь Уг Соб “Монгол улсад 13 жилийн хугацаанд ямар их өөрчлөлт хийгдсэнийг харлаа. Энэ өөрчлөлт нь Монголын биет болон биет бус өвийг чухал болохыг хэлж байгаа юм. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд гайхалтай өв соёл, уламжлалтай Монголын биет болон биет бус өвийг дэлхийд таниулах хамтын ажиллагаагаа өнөөдрөөр эхлүүлж байгаад баяртай байна. Солонгос Улсын хувьд дайны үед маш олон биет бус өв устаж, дайны дараа сэргээн засварлахад маш их хүндрэлтэй байсан. Биет бус өвийг сэргээн засварлана гэдэг их хэцүү.  

Хоёр орны биет болон биет бус өвийг яаж олборлох, өвлөн хамгаалах, судалгаа хийх зэрэг асуудал дээр Солонгос улсын хувьд багаж, техник технологийн хувьд арай илүү гэж бодож байна. Тиймээс бид өөрсдийн хуримтлуулсан туршлагаасаа Монголд харамгүй хуваалцаж,  бүх талаар туслалцаа үзүүлэн хамтран ажиллана” хэмээв.