Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгийн иргэд рүү Хятадын гэмт хэргийн бүлгийн гишүүд дайрчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Хонг Конгийн төвд болсон иргэдийн ээлжит эсэргүүцлийн жагсаалын дараа гэртээ харихаар явсан хүмүүс рүү үл мэдэгдэх этгээдүүд халджээ.

Цагаан цамц, амны хаалтаар ижилсэж, цохиур саваагаар зэвсэглэсэн бүлэг этгээд өчигдөр орой метроны Юэн Лон өртөөнд буусан иргэдийг зэрлэгээр зодож занчжээ.

Халдлагын улмаас 45 хүн эмнэлэгт хүргэгдсэний нэгийнх нь биеийн байдал хүнд байгаа гэнэ. Иргэд рүү дайрсан этгээдүүдийг триад буюу Хятадын гэмт хэргийн бүлгийн гишүүд байсныг эх сурвалжууд мэдээлж байна.

Хэрэг гарсан Юэн Лон өртөө нь Хонг Конгийн хойд дүүрэгт эх газрын Хятадтай залгаа хил дээр байрладаг. Энэ дүүрэгт Бээжингийн талыг баримтлагчдын нөлөө өндөр байдаг гэдэг.

Зарим гэрчүүд халдлага үйлдсэн этгээдүүд эх газрын Хятадын дугаартай авто машинаар хэргийн газраас явсан талаар мэдээлжээ. Халдлагад өртсөн Хонг Конгийн парламентын гишүүн Лам Чюк Тин уг хэргийн цаана триадын гишүүд байсныг мэдэгдээд хэргийн газарт удаж ирсэн цагдаа нарыг шүүмжилсэн байна.

“Тэдний зэрлэг, харгис үйлдэл Хонг Конгийн иргэншсэн нийгмийн хэм хэмжээг зөрчлөө” гэж тэр сэтгүүлчдэд ярьжээ.

 Хонг Конг даяар сүүлийн зургаан долоо хоногийн турш эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байгаа. Эхэндээ иргэд гэмт хэрэгтнийг эх газрын Хятадад шилжүүлэх хуулийг батлахыг эсэргүүцэж байсан бол сүүлдээ Хонг Конгийн ардчилал, бие даасан засаглалыг хамгаалах тэмцэл болж хувирсан юм.

1997 онд Хонг Конгийг Их Британийн колоничлолоос Хятадад шилжүүлсний дараа 50 жилийн хугацаанд “нэг улс, хоёр систем” зарчмыг дагах тохиролцоо хийсэн байдаг.

Гэвч Бээжингийн эрх баригчид уг зарчмыг зөрчиж, Хонг Конгийн дотоод хэрэгт оролцох болсныг иргэд эсэргүүцэж байгаа юм.

Өчигдөр Хонг Конгийн төвд болсон эсэргүүцлийн жагсаалыг цагдаа нар нулимс асгаруулагч хий, резинэн сум ашиглан тараасан байна.

 

Эх сурвалж: AFP