Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ганбат: Удирдлагыг эмч, ажилтнууд дотроосоо томилдог болох нь зөв

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 7 сарын 22
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

“Эрүүл мэндийн салбар бол улстөрчдийн тоглоом биш” хэмээн Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнууд дуу хоолойгоо нэгтгэж, өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

Учрыг тодруулбал, 2019 оны долоодугаар сарын 10-ны өдөр нийслэлийн Эрүүл мэндийн газрын нэр бүхий албан тушаалтнууд Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд ирж, удирдлагыг нь солих шийдвэр гаргаснаа танилцуулжээ. 

 
Гэрэл зургийг Mpa.mn

Энэ талаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Дүрс оношилгооны их эмч Б.Ганбат “Үүнийг бид улс төрийн зорилготой гэж үзэн, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатарын гаргасан шийдвэрийг буруушааж байна. Учир нь амжилттай ажиллаж, жишиг эрүүл мэндийн төвийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй эмнэлгийн удирдлагыг яагаад гэнэт сольж буй нь гайхширал төрүүлж байгаа. Тиймээс 460 гаруй эмч, ажилтан, албан хаагч Ө.Батжаргал даргыг эргүүлэн томилуулах хүсэлтэд гарын үсгээ зурж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Энэхүү хүсэлт болон албан бичгийг холбогдох байгууллагуудад өгнө” хэмээв.  

Түүнчлэн цаашид эрүүл мэндийн салбарыг улс төрийн нөлөөллөөс ангид байлгахын тулд удирдлагын томилгоогоо эмч, ажилтнууд дотроосоо сонгодог байх нь зүйтэй хэмээн тэд уриалсан юм. 

“Дээд байгууллагаас томилогдсон шинэ даргатайгаа танилцах, ойлголцох, үзэл санаагаа нэгтгэхийн тулд цаг хугацаа алдах магадлалтай. Тиймээс эрдэнэт хүний амь насыг хариуцан хамгаалж буй энэ чухал салбарыг улс төрөөс ангид байлгахын тулд даргаа дотроосоо томилдог болох нь зөв. Бид хэн нь хэн бэ, яаж ажилладаг вэ гэдгийг мэднэ шүү дээ” хэмээн БГД-ийн ЭМТ-ийн Дүрс оношилгооны их эмч Б.Ганбат мөн хэлж байв.

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж асан Ө.Батжаргал нь тус төвдөө арга зүйчээс эхлэн 20 гаруй жилийн хугацаанд дарга хүртлээ дэвшин ажилласан бол шинээр томилогдсон дарга н.Балдандугар нь уламжлалт анагаах ухааны чиглэлээр мэргэшсэн, өмнө нь хувийн эмнэлэгт ажиллаж байсан эмч ажээ.