Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн хөдөлмөрийг бодитоор үнэлж, шагналын шинэ жишиг тогтоосон “Их хурд-8”

Б.Мөнхзул, Үндэсний шуудан
2019 оны 7 сарын 22
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 134 дүгээр тогтоолоор шигшмэл хурдан морьдын “Их хурд-8” уралдаан Хүй долоон худагт боллоо.

Шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд” уралдаанд улс, аймгийн наадамд айргийн тавд орсон морьд оролцов. Монголын 21 аймгийн шигшмэл хурдан морьд уралддагаараа онцлог наадам юм.

Гурван жил тутамд зохион байгуулдаг уг наадмаар өмнө нь зөвхөн хурдан морь л уралдуулдаг байсан бол энэ удаа "Айраг" фестиваль, "Адуучин" тэмцээн, "Сайхан морьтон" тэмээн, жороо морины уралдаан, "Хэн айраг уух вэ" тэмцээн гэх морьтны өв соёлыг харуулсан олон арга хэмжээг зохион байгуулж хоёр өдөр наадлаа.

“Их хурд-8” уралдаанд олны талархлыг хамгийн ихээр хүлээсэн үйл явдал бол хурдан морио түрүүлгэсэн уралдаанч хүүхдийг нэг өрөө байраар шагнасан явдал байв.

Өөрөөр хэлбэл, азарга, их нас, шигшмэл хурдан хүлгийн уралдаанд хурдан хүлгээ түрүүлгүүлж тод манлай, торгон жолоо өргүүлсэн хүүхэд тус бүр нэг өрөө байрны эзэн болсон.

Энэхүү шагналыг “Их хурд-8” уралдааныг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын тод манлай уяач Д.Хишигжаргал хувиасаа байллаа.

Морьтны соёлын залгамж халаа болсон уралдаанч хүүхдийн хөдөлмөрийг үнэлж, тэдэнд урам зориг итгэл бэлэглэх шийдвэр гаргаж, түүнийгээ хэрэгжүүлсэн хүн бол Монгол Улсын тод манлай уяач Д.Хишигжаргал.

Уралдаан болохоос нэг хоногийн өмнө комиссын даргын үүрэгт ажлыг авч, өөрийн зүгээс ямар өөрчлөлт хийх вэ хэмээн бодсоны эцэст хүүхдүүдийнхээ хөдөлмөрийг үнэлье хэмээн шийдсэн гэнэ билээ.

Тод манлайн энэхүү шийдвэр олон хүүхдэд морь унах хүсэл, сэдэл төрүүлж, уралдаанч хүүхдийн үнэлэмжийг өсгөхөд томоохон түлхэц болох нь дамжиггүй биз ээ.

Нэг өрөө байрны түлхүүр гардсан гурван хүүхэд болох П.Эрдэнэбат, Б.Энхбаяр, Б.Пүрэвбат нарын орчин цагийн өргөө цагаан гэр буюу шинэ байранд алд цэнхэр хадаг уях ёслол өнөөдөр болох бөгөөд ММСУХ-ны удирдлагууд, уралдаанч хүүхдүүдийн гэр бүл, уяач нар оролцох гэнэ.

Тус наадмыг энэ жил “Монгол туургатны морины өв соёлын наадам” нэртэйгээр зохион байгуулсан. Наадмын үеэр болсон “Айраг” фестивальд нутаг нутгийн айргийг амталж хамгийн сайхан айраг болон хамгийн гоё хөхүүрийг шалгарууллаа.

Хамгийн гоё ур хийцтэй хөхүүрээр Төв аймгийн 61-ийн гармын ойролцоо амьдардаг н.Сарантунгалагийн монгол ур хийц, хээ угалзтай хөхүүр шалгарлаа.

Тэгвэл хамгийн сайхан айрагны тэмцээнд Архангай, Булган, Төв зэрэг аймгийн хамгийн сайхан амттай, уруул чимчгэнүүлсэн есөн айлын айраг ирснээс Булган аймгийн Могод сумын малчин Б.Батсайханы айраг “хамгийн сайхан айраг”-аар шалгарав.

Мөн Монголын ард түмний дунд ихэд дэлгэрсэн Дэмбээ наадгайн тэмцээнд нутаг нутгийн 42 дэмбээчин оролцсоноос шилдэг дэмбээчнээр Төв аймгийн Бүрэн сумын иргэн н.Найдалмаа тодорлоо.

Үүнээс гадна айраг уух тэмцээнд 20 хүн оролцсоноос Булган аймгийн Сайхан сумын А.Хишигжаргал, Улаанбаатар хотын БЗД-ийн иргэн н.Даваасүрэн, Улаанбаатар хотын ЧД-ийн иргэн н.Батмөнх нар эхний гурван байрт шалгарлаа.

Айраг хамгийн сайн ууж шилдгээр шалгарсан Булган аймгийн Сайхан сумын А.Хишигжаргал долоон хул аяга айраг ууж шилдгийн шилдэг болжээ.

Ингээд нас насны ангилалд түрүүлж, айрагдсан морьдын жагсаалтыг хүргэе.

Азарга. /Хурдан азарганы уралдаанд 46 азарга гарааны зурхайгаар гарлаа/

Түрүү магнай: Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хээр азарга

Аман хүзүүнд: Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Монгол Улсын тод манлай уяач О.Батбилэгийн хүхээ халзан азарга

Айргийн гуравт: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харьяат Т.Төрмөнхийн буурал азарга

Айргийн дөрөвт: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач, “Ажнай” корпорацийн ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнийн цавьдар азарга

Айргийн тавд: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат Д.Ганхуягийн хээр азарга хурдаллаа.

Шигшмэл морьд. /Шигшмэл морьдын уралдаанд 30 ажнай хүлэг шандас сорив/

Түрүү магнай: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Ц.Чимэдбавуугийн хүрэл халзан

Аман хүзүүнд: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат аймгийн алдарт уяач Ч.Цэрэнбатын хул

Айргийн гуравт: Төв аймгийн Баян сумын харьяат Монгол Улсын манлай уяач П.Энхмөнхийн хул

Айргийн дөрөвт: Төв аймгийн Баян сумын харьяат уяач Б.Нямжавын зээрд

Айргийн тавд: Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач С.Лувсанбалдангийн халтар тус тус түрүүлж, айрагдлаа.

Их нас. /51 ажнай хүлэг бүртгүүлснээс 49 ажнай уралдсан/

Түрүү магнай: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Монгол улсын Тод манлай уяач Т.Галбадрахын бор

Аман хүзүү: Завхан аймгийн Завханмандал сумын харьяат Ц.Мөнххуягийн цавьдар

Айргийн гуравт: Булган аймгийн Могод сумын харьяат Монгол Улсын манлай уяач Ц.Цэнгэлийн хүрэн

Айргийн дөрөвт: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Монгол улсын Тод манлай уяач Т.Галбадрахын хонгор халзан

Айргийн тавд: Баянзүрх дүүргийн харьяат, Нийслэлийн алдарт уяач О.Рэнчинжүгдэрийн бор тус тус хурдалж, торгон жолоогоо өргүүлж, наадамчин олныг баясгалаа.

 

Зураг