Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

Францын “нисдэг хүн” Ла Маншийн хоолойг гатална

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Шувуу шиг нисдэг болохыг мөрөөдөгч, Францын зохион бүтээгч Фрэнки Запата өөрийн бүтээсэн техникээр энэ долоо хоногт Ла Маншийн буюу Английн хоолойг гатлах гэж байна.

Тэрээр өнгөрсөн долоо хоногт Бастилийн өдрийн цэргийн парадын үеэр Парисын тэнгэрт нисэж үзүүлсэн юм. Запатагийн үзүүлбэрийг Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Германы канцлерь Ангела Меркель болон бусад хүндэт зочид үзэж сонирхсон байна.

Энэ долоо хоногийн Пүрэв гараг нь Ла Маншийн хоолойг Луй Блериот анх удаа нисэх онгоцоор туулсан түүхэн үйл явдлын 110 жилийн ойн өдөр юм.

Одоо 40 настай Запата хоолойн хамгийн нарийн хэсгийг дунд нь нэг удаа цэнэглээд 20 минутад туулахаар төлөвлөжээ.

Запата энэхүү оролдлогынхоо амжилттай болох магадлалыг 30 хувьтай гэж дүгнэсэн байна. Түүний нислэгийг Францын иргэний нислэгийн газар зөвшөөрсөн ч далай тэнгисийн тээврийг зохицуулах газар аюултай болохыг анхааруулжээ.

Учир нь Запатагийн нисэх төхөөрөмжийг цэнэглэх хөлөг онгоц хоолойн дунд байрласнаар ачаа тээврийн хөлгүүдийн замд саад учруулах эрсдэлтэй гэж дүгнэсэн байна.

Гэхдээ эрх баригчид Запатагийн нислэгийг хориглоогүй бөгөөд нислэг үйлдэхээсээ өмнө эргийн харуул хамгаалалтын албадад мэдэгдэхийг хүссэн гэнэ.

Запата таван жижиг тийрэлтэт хөдөлгүүр бүхий нисдэг төхөөрөмж бүтээсэн нь нэг цэнэглэлтээр 10 минут нисэх, 190 км/цаг хүртэл хурдлах чадвартай юм. Францын батлан хамгаалах яам өнгөрсөн оны сүүлээр түүний төслийг 1.3 сая еврогоор санхүүжүүлсэн байна.

Эх сурвалж: AFP, The Guardian