Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

Украины парламентын сонгуульд шинэ ерөнхийлөгчийн "Ард түмний Зарц" нам яллаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Украины парламентын ээлжит бус сонгуульд ерөнхийлөгч Володимир Зеленскийн нам ялалт байгуулсан нь урьдчилсан дүнгээр тодорхой болжээ.

“Ард түмний зарц” нам парламентад олонх болсон ч засгийн газрыг байгуулахын тулд эвсэл байгуулах шаардлагатай болсон байна.

Зеленский өнгөрсөн дөрөвдүгээр сард ерөнхийлөгчийн сонгуульд ялж байв. Гэвч парламентад өмнөх ерөнхийлөгч Петро Порошенкогийн нам олонх болж байсан тул түүний бодлого хэрэгжих боломжгүй болоод байжээ.

Тиймээс Зеленский эрс шинэчлэлт хийж, авлигатай шийдвэртэй тэмцэхийн тулд парламентын ээлжит бус сонгуулийг зарласан юм.

Урьдчилсан дүнгээр Зеленскийн нам 44 орчим хувийн санал авсан нь тодорхой болжээ. Сонгуульд нийт 22 нам өрсөлдсөнөөс ердөө таван нам парламентад суудал авах 5 хувийн босгыг давж чадсан байна.

Оросын талыг баримтлагч “Амьдралын төлөө-Сөрөг хүчний платформ” 12 хувь, экс ерөнхийлөгч Петро Порошенкогийн “Европын Эв нэгдэл” нам 9 хувь, ерөнхий сайд асан Юлия Тимошенкогийн “Эх орон” нам 8 хувийн санал тус тус авч, парламентад суудалтай болжээ.

Харин Зеленский эдгээр намуудтай эвслийн засгийн газар байгуулахгүй бололтой. Украины рок од Святослав Вакарчукын “Дуу Хоолой” нам энэ сонгуулиар 6 хувийн санал авах төлөвтэй байгаа бөгөөд Зеленский санал хураалт хаагдсаны дараа үг хэлэхдээ Вакарчукын намтай эвсэх сонирхлоо илэрхийлээд байна.

Энэ удаагийн сонгуулийн үр дүн Украины иргэд өмнөх эрх баригчдад итгэл алдарч, Зеленскийн шинэчлэлтийг дэмжихээр шийдсэнийг харуулж байна.

 

Эх сурвалж: BBC