Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

Малайзын султан гэрлээд удаагүй байгаа Орос эхнэрээсээ салсныг өмгөөлөгч нь баталжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн оны сүүлээр Малайзын султан Мухаммад V Москвагийн гоо бүсгүйн титэмт Оксана Воеводинатай сүр дуулиантай хурим хийж байв.

Улмаар хосууд хоёр сарын өмнө хүүтэй болсон юм.

Тэгвэл саяхан 49 настай султан 27 настай мисс бүсгүйгээс салсан гэх цуурхал тараад байв. Өчигдөр буюу Бямба гарагт султаны өмгөөлөгч энэ мэдээллийг албан ёсоот баталжээ.

Өмгөөлөгчийн мэдээлснээр султан өөрийгөө хоёр сарын өмнө мэндэлсэн хүүхдийн биологийн эцэг мөн эсэхтээ эргэлзэж байгаа нь салах шалтгаан болсон гэнэ.

Султан салах хүсэлтээ зургаадугаар сарын 22-нд гаргаж, Малайзын Исламын шүүх хүсэлтийг нь долдугаар сарын 1-нд зөвшөөрсөн байна.

Өмгөөлөгчийн мэдээллээс өмнө одоо ОХУ-д хүүхэдтэйгээ хамт байгаа Оксана гэр бүл салсан тухай дуулианыг няцааж, хосуудын хоорондын харилцаа хэвийн байгааг мэдэгдэж байжээ.

Малайзын холбоонд багтдаг мужуудын есөн султан тав, таван жилийн хугацаагаар ээлжлэн хаан ширээнд суудаг уламжлалтай. Мухаммад V нь Малайзын хаан ширээнд суугаад ердөө хоёр жил болж байхдаа өнгөрсөн нэгдүгээр сард хаан ширээнээсээ сайн дураар буусан нь тус улсын түүхэнд анхны тохиолдол байлаа.

Өөрөөсөө 22 дүү Орос бүсгүйтэй гэрлэсэн явдал Малайзын язгууртнуудын хүрээнд эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарснаас ийм шийдвэр гаргасан гэж тухайн үед яригдаж байв. Харин Мухаммад V ямар шалтгаанаар хаан ширээнээс татгалзсанаа огт тайлбарлаагүй юм.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Москвагийн ойролцоо болсон хуримын видео эвлүүлэг:

Эх сурвалж: South China Morning Post