Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ангела Меркель 2021 онд канцлерийн ажлаа хүлээлгэж өгсний дараа эрүүл мэнддээ анхаарна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Германы канцлерь Ангела Меркель өчигдөр хэвлэлд ярихдаа биеийн эрүүл мэндийн асуудлаа хөнджээ.

Сүүлийн нэг сар орчим хугацаанд тэрээр гурван удаа олон нийтийн арга хэмжээний үеэр хүчтэй салгалан чичирсэн нь хэвлэлүүдийн хараанд өртөж байв.

Меркелиэс энэ талаар асуухад тэр бие нь одоогоор сайн байгаа, 2021 он хүртэл канцлерийн албыг хаших бүрэн чадвартай байна гэж мэдэгджээ.

Энэ долоо хоногт Меркель 65 нас хүрч байгаа юм. Тэрээр дөрвөн удаа Германы канцлераар сонгогдон ажилласан бөгөөд тав дахь удаагаа өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдэж байв.

“Өмнө нь хэлж байсанчлан би 2021 онд улс төрийн замналаа өндөрлүүлж, хувийн амьдралаа хөөх болно. Ингэснээр биеийн эрүүл мэндээ сайжруулах боломж гарна гэж найдаж байна” гэж тэр ярьжээ.

Ангела Меркель сүүлийн 14 жилийн турш Германыг удирдахдаа ганц ч удаа эрүүл мэндийн асуудалтай тулгарч байгаагүй.

2014 онд тэр цанаар гулгаж байгаад ууцаа гэмтээсний улмаас олон улсын цөөн хэдэн арга хэмжээнд оролцолгүй алгасаж байв.

2011 онд өвдгөндөө мэс засал хийлгэсний дараа хэсэг хугацаанд таяг тулж байсан удаатай. Дээрх тохиолдлуудаас бусад үед Меркель ганц ч удаа өвчнөөс шалтгаалан ажлаа тасалдуулж байгаагүй гэдэг.

 

Эх сурвалж: AFP