Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Иран улс Британийн газрын тос тээвэрлэгч хөлгийг олзолжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Баасан гарагт Ираны эрх баригчид Ормузын хоолойд зорчиж байсан газрын тос тээвэрлэгч хоёр хөлгийг олзолсон болохыг Британийн гадаад хэргийн яам мэдээлжээ.

Тэдгээрийн нэг нь Британийн далбаатай хөлөг байсан бол нөгөө нь Либерийн далбаатай байсныг гадаад хэргийн сайд Жереми Хант баталсан байна.

Удалгүй Либерийн далбаатай хөлгийг суллан явуулсан тухай Ираны Фарс агентлаг мэдээлжээ. Жереми Хант хөлөг онгоц олзолсон явдлыг буруутгаад засгийн газрын шуурхай хуралдаан зарласан байна.

Мөн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой утсаар ярьж, болсон явдлын талаар мэдээлжээ.

Энэ үйл явдалтай зэрэгцэн АНУ 500 орчим цэрэг, нисэх онгоц, пуужинг Саудын Арабт илгээх шийдвэр гаргасан юм. Гэхдээ энэ алхам нь Баасан гарагт Британийн хөлгийг олзолсон хэрэгтэй холбоогүй, хэдэн долоо хоногийн өмнөөс гаргасан шийдвэр гэдгийг Пентагон тайлбарлажээ.

АНУ-ын цэргийн түрүүч өчигдөр Саудын Арабын нийслэлээс өмнө зүгт оршдог Ханхүү Султан агаарын баазад ирсэн байна.

Цэрэг, зэвсэг илгээсэн алхам нь бүс нутгийн аюулгүй байдлыг дээшлүүлэх зорилготой тухай Саудын Арабын тал мэдэгджээ.

Британийн Stena Impero нэртэй тээвэрлэгч хөлгийг Ираны тал олзолсон явдал нь Тегеран, Өрнөдийн хооронд үргэлжилж байгаа сөргөлдөөн оргилдоо хүрснийг харуулж байна.

Ормузын хоолойд зорчиж байсан Stena Impero хөлөгт үл мэдэгдэх хөлөг онгоц, нисдэг тэрэг ойртож очсоны дараа холбоо тасарсан талаар эзэмшигч компани нь мэдээлжээ. 

Хөлөгт нийт 23 хүн ажиллаж байсан гэнэ. Баасан гарагийн өглөө АНУ-ын зэвсэгт хүчин Ормузын хоолойд Ираны дроныг устгасан тухай мэдээлсэн.

Тэгвэл энэ мэдээллийг Ираны тал няцаасан юм.

Талуудын аль аль нь өөрийн мэдээллийг батлах баримт дэлгээгүй байна.

АНУ-ын байлдааны хөлөг цахилгаан соронзон долгионоор өөрт нь ойртож ирсэн Ираны дроныг удирдлагагүй болгон унагасан гэж мэдээлсэн юм. Харин Тегераны эрх баригчид ийм зүйл болоогүй, өөрийнх нь бүх дрон эсэн мэнд бааздаа эргэж ирсэн гэж хариу мэдэгдээд байгаа.

 

Эх сурвалж: Reuters