Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Чинбат: Төрийн үйлчилгээг операторын горимд шилжүүлэхээр ажиллаж байна

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Мэдээлэл, харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ой өнөөдөр тохиож байна.

“Манай салбарын хувьд 2019 он амжилт бүтээл дүүрэн жил байсан. Харилцаа холбооны тухай хууль шинэчлэн батлагдаж, салбарын хууль эрх зүйн орчинд томоохон дэвшил гарсан. Мөн төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, цахим цэсийг хөгжүүлэх чиглэлийн олон ажил хийсэн” хэмээн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат баярын хурлын нээлтийн үеэр онцолсон юм.

 

Тухайлбал, Хур системд 31 төрийн байгууллага, 13 банк, 25 банк бус санхүүгийн байгууллага, дөрвөн оператор амжилттай холбогдож дууссан бөгөөд үйлчилгээ үзүүлсэн тоо 15 саяд хүрчээ. Харин Дан системд 14 байгууллага, 14 систем холбогдож 16,400 иргэн одоогийн байдлаар ашиглаж байгаа аж. 

Мөн түүний хэлснээр цахим үйлчилгээний тоо, төрлийг нэмэгдүүлэх зорилгоор төрийн үйлчилгээг операторын горимд шилжүүлэхээр ажиллаж буй аж.  

Тоон контент зохицуулалтын хувьд таван жилийн өмнөөс хүн бүр ухаалаг утас, өргөн зурвасын интернэт, үүрэн холбооны 4G технологийн үйлчилгээ эрчээ авч эхлээд буй. Энэ нь хугацаа өнгөрөхийн хэрээр тус салбарын хөгжил дээшилсээр байгаа хэрэг юм. 

Зарим нэг онцлох тоон үзүүлэлтээс дурдъя.

  • Дэлхийн нийт хүн амын 95 хувь нь үүрэн холбооны үйлчилгээний хамрах хүрээнд байгаа нь томоохон ахиц, хэрэглэгчдэд  өргөн сонголт, шинэ боломжийг олгож буй хэрэг аж. 
  • Үүрэн холбооны тав дахь үеийн технологи нь 2020 оноос зах зээлд арилжааны хэлбэрээр нэвтрэх чиг хандлагатай байгааг  судлаачид онцлон тэмдэглэж байна.
  • Харилцаа холбооны зохицуулах хорооны тайлангаас харвал, 2018 оны дөрөвдүгээр улиралд манай улсад телевизийн сувгуудаар 1,261,999  секундийн  нийгмийн шинж чанартай зар сурталчилгаа цацагджээ. Энэ нь нийт арилжааны зар сурталчилгааны (үгэн зарыг оруулаад) 6.2 хувьтай тэнцэж байгаа юм. 
  • Үүрэн холбооны үйлчилгээг ашиглаж, хөдөлгөөнт тоон санхүүгийн үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлээр үйлчилгээ эрхлэгч нар болон олон улсын банк, санхүүгийн байгууллагууд хамтран ажиллаж эхэлсэн.
  • Манай улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарт 15,000 хүн ажиллаж байна. 

Өнөөдөр болж буй баярын хуралд салбар бүрийн төлөөллүүд болох 400 гаруй хүн оролцов. 

 

ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн ахмад багш, доктор, профессор О.Балдангомбо “Би 1976 онд МУИС-ийг холбооны инженер мэргэжлээр төгссөн. Тэр цагаас хойш тус салбартаа ажиллаж байна. Манай салбарын улс орны хөгжилд оруулсан хувь нэмэр их бий гэдгийг хэлэхийг хүсэж байна. Өнөөдөр орчин цагийн харилцаа холбоо үүсэж хөгжсөний 98 жилийн ой тохиож байгаад баяртай байна. Мөн энэ салбарт шинэ залуу боловсон хүчнүүд ихээр гарч ирэх ёстой” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.