Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Африкийн цомын аварга шалгаруулах тэмцээний үеэр дэг журам сахиулах бэлтгэлээ Францын цагдаа базааж байна

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр буюу Баасан гарагийн орой Африк тивийн цомын төлөө Алжир, Сенегалын хөлбөмбөгийн шигшээ багууд өрсөлдөх гэж байна.

Энэ тоглолтын үр дүнгээс хамаарч Франц улсад амьдардаг Алжир гаралтай иргэд нийгмийн хэв журмыг алдагдуулах магадлалтай тул Парис тэргүүтэй олон хотуудад мянга мянган цагдаа эргүүлд гарахаар болжээ.

Өнгөрсөн Ням гарагт Алжирын баг хагас шигшээ шатанд шалгарсны дараа Францын хотуудад эмх замбараагүй байдал бий болж, 280 гаруй хүнийг баривчилж байв.

130 гаруй жил Алжирыг колоничолж байсан Франц улсад хоёр улсын давхар иргэншилтэй олон хүн байдаг. Алжирын шигшээ багийн тоглогчдын хагасаас илүү хэсэг нь Францад төрж, өсөж, суралцсан залуус байдаг юм.

Өнгөрсөн Ням гарагт Египетэд болсон тоглолтын дараа Францын алжирчууд Парис, Марсель зэрэг том хотуудын гудамж талбайд баяраа өргөн тэмдэглэж байв. Энэ үеэр дэлгүүрийн цонх хагалж, дээрэмдэх гэсэн цөөн тооны оролдлого гарсныг цагдаа нар таслан зогсоож байжээ.

Уг явдлын дараа Францын үндсэрхэг үзэлтнүүдийн тэргүүн Марин Ле Пэн “Африк тивийн тэмцээнийг ийм олон хүн үзэж, тэмдэглэж байгаа нь алжир гаралтай хүмүүсийг Францын нийгэмд уусгаж чадаагүйн илрэл” хэмээн шүүмжилж байв.

Түүний намын нэг гишүүн Францын нутаг дэвсгэрт Алжирын далбааг мандуулахыг хориглох санал гаргасан нь хүмүүсийн дунд маргаан дэгдээж байжээ.

Парис хотын цагдаа өнөөдөр орой Элисейн өргөн чөлөөнд 2,500 цагдаа гаргаж ажиллуулахаар болсон байна. 

 

Эх сурвалж: The Guardian