Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

С.Бямбацогт: Үндсэн хуулийн өөрчлөлтийг 35 хувьд багтаах шаардлага бий болоод байна

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы хуралдаанаас баталсан тогтоолын дагуу байгуулагдсан Зөвшилцлийн ажлын хэсгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийн даргаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ажлын хэсгийн орлогч даргаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, гишүүдэд УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан билээ. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “УИХ-ын 72 дугаар тогтоолын дагуу байгуулагдсан ажлын хэсэг маань дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгчийн өрөөнд анхны хурлаа хийлээ. Хурлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлынхаа төлөвлөгөөг баталлаа. 

Үндсэн ажлын хэсэг болон дэд ажлын хэсгийн хуралдаан наймдугаар сарын 9-нийг хүртэл тасралтгүй явагдана. Ирэх долоо хоногт нээлттэй хэлэлцүүлгүүд хийе гэж байгаа. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар ард иргэдийн болон эрдэмтэн судлаачдын, төрийн болон төрийн бус байгууллагаас санал авах хэлэлцүүлгүүд ирэх долоо хоногийн турш үргэлжилнэ. 

  • Нэгдүгээрт долоодугаар сарын 22-ны Даваа гарагт Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг болно, 
  • Долоодугаар сарын 23-ны Мягмар гарагт Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг,
  • Долоодугаар сарын 24-ний Лхагва гарагт Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэль, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг,
  • Долоодугаар сарын 25-ны Пүрэв гарагт Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг,
  • Долоодугаар сарын 26-ны Баасан гарагт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх байгалийн баялаг, эдийн засгийн асуудалтай холбоотой хэлэлцүүлгүүд хийхээр төлөвлөсөн. 

Хэлэлцүүлгүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцоно. Энэхүү хэлэлцүүлгүүдэд иргэд олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүдийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

62 гишүүний өргөн барьсан хуулийн төсөл Үндсэн хуулийн 20 зүйлийг 52 заалтаар хөндсөн. Харин Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл 20 зүйлийг 49 заалтаар хөндөж байгаа. Хувиар нь тооцвол хоёр хуулийн төсөл тус бүрдээ Үндсэн хуулийн 28 орчим хувийг хөндөж байгаа юм.

Хоёр хуулийн төслийн давхардлыг хасаад тооцоход нийтдээ 41 хувьд нь өөрчлөлт оруулахаар байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн журмын тухай хуульд 35 хувиас ихгүй өөрчлөлтийг нэмэлт өөрчлөлт гэж заасан байдаг. Харин 35 хувиас хэтэрбэл Үндсэн хуулийн шинэчилсэн найруулга гэж үзнэ. Тиймээс зөвшилцөж, ойлголцсоны үндсэн дээр 41 хувийн өөрчлөлтийг 35 хувьд багтаах шаардлага бий болоод байна” хэмээв. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ-аас наймдугаар сарын 9-нийг дуустал хоёр төслийн нэгтгэх, зөвшилцөх, ойлголцох, ард иргэдээр хэлэлцүүлэх ажлыг хийнэ. УИХ-ын гишүүд долоодугаар сарын 22-ноос тойрогтоо ажиллана. 

Түүний дараагийн долоо хоногт төслүүдийг хооронд нь нэгтгэх, цэгцлэх ажлууд руугаа орно. Түүнчлэн парламентад суудалтай намууд, Ерөнхийлөгч, парламентын гадна байгаа намуудтай ойлголцох ажлууд энэ сарын 28, 29-нөөс эхлээд наймдугаар сарын 6, 7-ныг хүртэл үргэлжилнэ. Эцэст нь энэ хуулийн төслийг УИХ-ын гишүүдийн ¾-ийн саналаар батална” гэв.  

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Зөвшилцлийн ажлын хэсэг хуралдлаа. Бид Үндсэн хуульд маш зөв өөрчлөлт ороосой гэсэн байр сууринаас хандаж байгаа. Ирэх долоо хоногт манай нам Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх саналаа Улсын Их Хуралд өргөн барина.

Засгийн газрыг тогтвортой ажиллуулах, сонгодог парламентыг төлөвшүүлэх, гишүүдийн хариуцлагыг дээшлүүлэх, төрийн бодлого, тэр дундаа эдийн засгийн бодлогод онцгой анхаарах нь чухал гэж АН үзэж байгаа. Мөн хотын асуудал, засаг захиргааны нэгжийн асуудлыг өөр өнцгөөс харж ухаалгаар авч үзэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Энэ чиглэлээр зөв томьёолол хийнэ гэж найдаж байна” гэлээ.