Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, Тайландын хамтарсан Нарны цахилгаан станц амжилттай ажиллаж эхэлснийг цохон тэмдэглэлээ

ikon.mn
2019 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Тайландын Хаант Улсын Элчин сайд Прияа Хемпон тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзан, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ.

Монгол, Тайландын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотын төв талбайд Тайландын соёлын өдөрлөгийг анх удаа зохион байгуулж байгаа нь манай хоёр улсын ард түмний нөхөрлөлийг улам ойртуулж, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж буйг Гадаад харилцааны сайд сайшаан тэмдэглэсэн байна.

Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж, худалдааны хэмжээ нэмэгдэж байгаа ч төдийлөн хангалттай бус байгаа тул цаашид эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллах шаардлагатай байгааг талууд харилцан тэмдэглэжээ.

 

АХБ-ны санхүүжилтээр Хөшигийн хөндийд Монгол, Тайландын хамтарсан нарны цахилгаан станц амжилттай ажиллаж эхэлснийг дурдаж, улс орны хөгжилд өндөр үр өгөөжтэй төслүүдийг цаашид хамтран хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар онцлов.

Тайландын зүгээс худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэхэд онцгой анхаарч байгаа бөгөөд энэ зорилгоор тус улсын Экспорт, импортын банкны төлөөлөгчдийн хамтаар ирж, төрийн болон хувийн байгууллагуудтай уулзаж, хамтын ажиллагааны боломжийг эрэлхийлж буйгаа мэдээлэв.

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам