Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Путин, Лукашенко нар холбооны улс байгуулах талаар дахин уулзаж ярилцжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Пүрэв гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко нар Санкт Петербург хотноо Орос-Беларусийн холбоо байгуулж, улс орноо интеграцчилах асуудлаар уулзаж ярилцжээ.

Хоёр улс нэгдсэн холбоо болж, улс төр, нийгэм, эдийн засгаа интеграцчилах гэрээ 1990-ээд оны үед байгуулагдаж байсан ч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байгаа юм.

Сүүлийн үед Путин, Лукашенко нар уг асуудлаар олон удаа уулзаад байгаа. Хоёр орны хооронд цаг тутамд үүсэн бий болж буй асуудлуудыг шийдэхийн тулд Москва, Минск хоорондоо интеграцчилагдах нь чухал болохыг Путин уулзалтын үеэр онцолжээ.

Уулзалтын дараа Лукашенко хэлэхдээ хоёр орны хамтын ажиллагаанд саад болж буй хэд хэдэн асуудлаар нэгдсэн байр сууринд хүрсэн талаар мэдээлсэн байна.

Үүнд Оросоос Беларусьт нийлүүлдэг байгалийн хийн үнэ тарифийн асуудал багтсан байна. Өнгөрсөн долоо хоногт Беларусийн засгийн газар Орост төлөх өрөө барагдуулахын тулд Хятадаас $600 саяын зээл авах тохиролцоо хийснээ зарласан юм.

Орос улс нь олон жилийн турш Беларусийн гол зээлдүүлэгч байсан. Гэвч Беларусь улсын эдийн засаг сайнгүй байгаагаас Оросоос авсан зээл асар их хэмжээтэй болж хуримтлагдаад байгаа юм.

Сүүлд Минскийн эрх баригчид Москвагаас дахин зээл хүссэн. Зургаадугаар сард Оросын сангийн сайд Антон Силуанов хэлэхдээ “хоёр орны цаашдын интеграцийг Беларусийн тал зөвшөөрсөн тохиолдолд л зээл олгоно” гэж мэдэгджээ.

Харин Лукашенко хоёр орны интеграцийн асуудалд хойрго хандаж байгаа.

Гуравдугаар сард Лукашенко сэтгүүлчидтэй уулзахдаа интеграцчилахаас өмнө шийдэх олон асуудал талуудын хооронд байгаа боловч Оросын засгийн газар тэдгээрийг шийдэх сонирхолгүй байна хэмээн ярьж байв.

Тэрээр сүүлийн саруудад хэд хэдэн удаа Оросын бодлогыг олон нийтийн өмнө ил тодоор шүүмжлээд байгаа.

2014 онд Крымийн хойгийг Орос улс өөртөө нэгтгэсний дараа Беларусийн тал Оростой интеграцчилагдах асуудалд болгоомжтой хандах болсон юм.

 

Эх сурвалж: БелТА, РИА Новости