Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Молдир Мекенбаева: Би жюү жицүгээс өөр спортоор хичээллэхгүй, энэ бол миний цор ганц сонголт байх болно

Б.Мөнхзул, Үндэсний шуудан
2019 оны 7 сарын 19
Үндэсний шуудан
Зураг зураг

Жюү жицүгийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад анх удаа болж байгаа билээ. Тус тэмцээнд оролцохоор ирсэн 400 гаруй тамирчнаас нэг нь монголчуудын анхаарлыг ихээр татаж буй. Тэр бол жюү жицүгийн Казахстаны шигшээ багийн тамирчин Молдир Мекенбаева юм. 2016 онд дэлхийн аварга болж, 2017 онд мөнгөн медаль хүртэж байсан тэрбээр Монголын дэвжээнд өрсөлдөж буй тамирчдаас хамгийн өндөр чансаатай нь. Бас сошиал ертөнцийн од. Түүнийг дагагчдын тоо хэдийнээ 130 мянгад хүрсэн байна. Түүнийг бэлтгэлээ хийх гээд Монгол бөхийн өргөөнд саатах үеэр нь хэсэгхэн хором ярилцлаа. Дөнгөж өглөө (өчигдөр) ирсэн учраас нэлээд их ядарсан тул тухтай сууж ярилцлага өгөх боломжгүй байгаадаа хүлцэл өчсөн юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.

-Монголд тавтай морил. Анх удаа манай улсад ирж байгаа гэж сонслоо. Сэтгэгдлээ хуваалцана уу?

-Маш их баярлалаа. Дөнгөж өглөө /өчигдөр/ буусан учраас нэлээд ядарч байна. Өдөржин л унтлаа. Тэгсэн ч ядаргаа арилаагүй байна. Мэдээж Монгол Улс маш их таалагдсан. Монголд анх удаа ирлээ. Өмнө нь хичээл дээр ч, энд тэнд ч Монголын тухай их сонсдог байсан. Бас өөрөө ч боломжийнхоо хэрээр мэдээлэл цуглуулсан. Видео бичлэг ч их үзсэн.

Монголчууд үнэхээр элэгсэг дотно юм. Энэ тухай өмнө нь олон удаа сонссон ч өөрөө танай оронд ирээд биеэрээ монголчуудын эелдэг занг мэдэрч байгаа нь сайн хэрэг шүү. Их л гэнэтийн зүйл боллоо. Ирээд удаагүй байгаа учраас хоттой хараахан танилцаж амжаагүй байна. Гэхдээ бэлтгэлээ тараад Монголын сайхан агаарыг амьсгалангаа хоттой танилцах бодолтой байна. Цаг агаар үнэхээр гоё байна шүү дээ.

-Бичлэг үзэж байхад Монголын юу нь хамгийн сонирхолтой санагдсан бэ?

-Монгол гэр. Өчигдөр онгоцноос буугаад зочид буудалдаа ирэх хүртэл замд олон монгол гэр байсан. Бөхийн өргөөний үүдэнд бас гоёмсог гэр байна. Энэ мэтчилэн сонирхол татсан зүйл их байгаа. Ер нь Монгол орон маш их таалагдаж байна.

-Тамирчид Монголд 3-4 хоногийг өнгөрүүлнэ. Энэ хооронд хамгийн их очихыг хүсэж байгаа болон зорьж очихоор төлөвлөсөн газар байна уу?

-Үнэнийг хэлэхэд надад тийм цаг ховорхон гарах байх. Маргааш тэмцээнтэй. Барилдсаар байгаад өдөр өнгөрнө. Гэхдээ ямар ч байсан чөлөө заваараа хоттой танилцах төлөвлөгөөтэй байгаа. Хотоос гарч чадахгүй л болов уу. Мэдээж өөр цаг гарвал очихыг хүссэн газар бүртээ очно доо.

-Өрсөлдөгч нар аа судалсан уу. Та 2018 оны Азийн наадамд Монголын бөх М.Баярмаад ялагдсан удаатай. Одоо төрөлх дэвжээн дээр нь барилдах нь?

-Мэдээж тодорхой хэмжээний тактик боловсруулж ирсэн. Дасгалжуулагч нартайгаа бэлдсэн зүйл бий. М.Баярмаад ялагдсан тухайд их гэнэтийн зүйл болсон. Монголчууд хоёр гартаа үнэхээр их бяртай юм билээ. Тэдний нэг нь Баярмаа. Монголын тамирчид самбо, жүдодоо үнэхээр сайн шүү дээ. Тиймээс жюү жицүгээр ч сайн байх нь аргагүй. Уг нь би Азийн наадамд өөр зорилготой очиж байлаа. Даанч зорилгодоо хүрч чадаагүй. Гэхдээ энэ өнгөрсөн асуудал.

-Жюү жицүг сонгоход хүргэн ах тань нөлөөлсөн гэж сонслоо. Өөр спортын сонголт байгаагүй юм уу?

-Тийм ээ. Хүргэн ахын нөлөө их. Би хоёр эгчтэй. Нэг эгчийн минь нөхөр жюү жицүгийн хар бүстэй. Тэгээд миний эгчээр дамжуулж намайг жюү жицүд уруу татсан хэрэг. Намайг жюү жицүгээр хичээллэхийг ятгасан. Би маш богино хугацаанд энэ спортод дурласан. Дээрээс нь гэр бүлийнхний дэмжлэг сайн байсан учраас амархан автсан байх.

-Өмнө нь Жюү жицүгээс өөр спортоор хичээллэж байсан уу?

-Үгүй. Зөвхөн жюү жицү. Яах вэ, чөлөөтөөр цагаараа шатар, экстрим спортыг сонирхож хичээллэдэг. Гэхдээ энэ бол зөвхөн сонирхол. Харин жюү жицү бол миний үүрдийн спорт. Өөр спорт сонгохгүй.

-Энэ спортод та нэлээд гүнзгий автжээ. Магадгүй таны үзүүлж байгаа амжилт нөлөөлж байна уу?

-Тийм байж болох л юм. 2016 онд жюү жицүгээр дэлхийн аваргад түрүүлсэндээ маш их баярладаг. Надаас илүү миний хүргэн ах, гэр бүлийнхэн баярласан. Ямар ч байсан энэ спортдоо би маш их дуртай. Миний амьдралын нэг хэсэг шүү дээ.

 

-Танай оронд жюү жицү нэлээд өндөр хөгжсөн гэж сонссон. Эрх авахын тулд ямар зам туулав?

-Тэгэлгүй яах вэ. Дотоодын өрсөлдөөн их. Гэхдээ мэдээж жиндээ нэг, хоёрдугаар байранд орсон нь Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд явдаг. Энэ шалгуурын дагуу өнөөдөр Монголд ирлээ. Ямар ч байсан одоохондоо улсдаа жиндээ тэргүүлж байгаа.

-Таны бэлтгэл сайн байгаа биз?

-Маш сайн байгаа. Саяхан л гэхэд “Нурсултан-2019” тэмцээнд амжилттай оролцсон. Тусгай бэлтгэл хийсэн учраас сайн хангагдсан гэж бодож байна.

-Тэмцээнд ирсэн зорилгоо товчхон тодорхойлбол?

-Мэдээж бүгд түрүүлэх зорилготой ирж байгаа шүү дээ. Би ч гэсэн адилхан. Монголд ирсэн бүхий л тамирчдад амжилт хүсье.

-Их сургуульд сурахын хажуугаар жюү жицүгийн бэлтгэл хийнэ. Бас кинонд тоглох гээд завгүй байдаг байх. Энэ бүгдийг хэрхэн амжуулж байна вэ?

-Би дээд сургуульд математикийн чиглэлээр суралцаж байгаа. Гэхдээ өөрийн сонирхлоор кинонд дүр бүтээдэг. Би хэд хэдэн кинонд тоглосон. Надад санал тавьсан учраас татгалзахыг хүсээгүй. Тэгээд ч казахстанчуудын өв соёлыг сурталчилсан бүтээл учраас татгалзаж болохгүй гэж боддог. Ямар ч байсан 5-6 кинонд дүрээ мөнхөлсөн. Хэцүү ажил юм билээ. Гэхдээ би дуртай.

-Танд миссийн тэмцээнд оролцох бодол байдаг уу?

-Би загвар өмсөж, модель болохыг хааяа боддог. Гэхдээ надад жюү жицүгээр хичээллэх нь илүү сонирхолтой байна. Мэдээж одоо би оюутан, мөн тамирчин. Энэ бол миний сонголт.

-Таныг монголчууд сайн мэднэ. Тиймээс таныг ирсэнд их баярлаж байгаа шүү?

-Ийм үг сонсох сайхан байна. Монголчууддаа маш их баярлалаа. Энэ сайхан оронд ирсэн нь том завшаан юм. Та бүхнийг ч гэсэн надаас ярилцлага авсанд үнэхээр талархаж байна.

Зураг