Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ираны дроныг АНУ-ын байлдааны хөлөг устгасан тухай Дональд Трамп мэдэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг
USS Boxer байлдааны хөлөг

АНУ-ын USS Boxer байлдааны хөлгийг Ормузын хоолойд аялж явахад Ираны дрон хэт ойртож ирсэн тул устгасан тухай Дональд Трамп анх мэдээлжээ.

“Ираны дрон хөлгийн болон хөлгийн багийн аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд ойртсон тул даруй устгалаа” хэмээн тэрээр сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Орон нутгийн цагаар Пүрэв гарагийн өглөөний 10 цагийн орчимд USS Boxer байлдааны хөлөг Ормузын хоолойн олон улсын усан бүсээр нэвтэрч байхад энэ явдал болсныг Пентагоны төлөөлөгч баталжээ.

Пентагон дроныг ямар аргаар устгасан тухай мэдээлээгүй байна. Харин CNN суваг мэдээлэхдээ дроны удирдлагыг цахилгаан соронзон долгионоор сарниулах арга хэрэглэж унагасан гэжээ.

Өнгөрсөн сард АНУ-ын дроныг Ираны тал пуужингаар харван устгаж байсан юм.

Сүүлийн хоёр сарын хугацаанд Дональд Трамп их хэмжээний зэвсэг техник, цэргийн хүчийг Ойрх Дорнодод төвлөрүүлээд байгаа нь Тегераны дэглэмийг унагах зорилготой. Мөн эдийн засгийн хатуу хориг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлээд байгаа. Хариуд нь Ираны тал 2015 оны гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, уран баяжуулалтын хэмжээгээ нэмэгдүүлээд байна.

Хэрвээ АНУ тавьсан хоригоо бүрмөсөн цуцлахыг зөвшөөрвөл АНУ-тай шинэ гэрээ байгуулах яриа хэлэлцээ эхлэх боломжтой тухай Ираны гадаад хэргийн сайд Жавад Зариф өчигдөр мэдэгдсэн юм.

 

Эх сурвалж: Business Insider