Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн сард экспортын хэмжээ буурч, импорт өсжээ

ikon.mn
2019 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улс 2019 оны эхний хагас жилд дэлхийн 137 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 6.8 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс 3.9 тэрбум ам.долларыг экспорт, 2.9 тэрбум ам.долларыг импорт эзэлж байна.

Өнгөрсөн сарын хувьд экспорт 675.6 сая ам.долларт, импорт 578.7 сая ам.долларт хүрсэн. Үүнийг тавдугаар сартай харьцуулахад экспорт 75.8 сая ам.доллараар буурч, импорт 29.9 сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 492.3 сая ам.доллараар өссөн бөгөөд, үүнээс экспорт 10 хувиар, импорт 4.9 хувиар тус тус өсжээ.

Экспорт өсөхөд чулуун нүүрсний экспорт 135.7 сая, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспорт 51.4 сая ам.доллараар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин импорт өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 30.8 сая ам.доллар, үүнээс дизелийн түлш 62.3 сая ам.доллар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 105.9 сая ам.доллараар өссөн нь голлон нөлөөлжээ. 

Нийт экспортын 95.8 хувийг:

  • эрдэс бүтээгдэхүүн,
  • нэхмэл бүтээгдэхүүн,
  • үнэт, хагас үнэт чулуу,
  • металл гоёлын зүйлсийн экспорт эзэлж байна.

Нийт импортын 68.9 хувийг: 

  • эрдэс бүтээгдэхүүн,
  • машин механик төхөөрөмж,
  • цахилгаан хэрэгсэл,
  • тээврийн хэрэгсэл,
  • тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна.

Гадаад худалдааны тэнцэл 2018 оны эхний хагас жилд 822.2 сая ам.долларын ашигтай гарч байсан бол 2019 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 223.0 сая ам.доллараар өсөж, 1.0 тэрбум ам.долларын ашигтай гарав.