Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Тэтгэвэр тэтгэмж авагчдын тоо 2.2 дахин өсжээ

ikon.mn
2019 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний хагас жилд 1.36 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 17.8 хувиар өссөн бол зарлага 1,177.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 12.1 хувиар тус тус өссөн байна. 

Нийгмийн даатгалын сангийн орлого ингэж өсөхөд, тэтгэврийн даатгалын сангийн орлого 170.1 тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 24.1 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн бол зарлага өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 110.8 тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 11.1 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Мөн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас эхний хагас жилд 377.3 мянган хүнд 143.1 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон.

Энэ нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 2.2 дахин өсөж, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 72.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. 

Ингэж өсөхөд 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж болон жирэмсэн эхийн тэтгэмж авсан хүний тоо 3.6 дахин, олгосон тэтгэмжийн хэмжээ 8.1 дахин өссөн нь голлон нөлөөлсөн байна. 

Хагас жилийн байдлаар нийгмийн халамжийн тэтгэвэрт нийт 54.8 мянган хүн хамрагдсаны:

  • 68.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн,
  • 26.5 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд,
  • 4.9 хувь нь ахмад настан,
  • 0.2 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн байна. 

Нийгмийн халамжийн тэтгэмжид эхний хагас жилд 92.2 мянган хүн хамрагдсаны:

  • 58.1 хувь нь асаргааны тэтгэмжид,
  • 41.9 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан иргэд байна.

Энэ оны зургаадугаар сард 18 хүртэлх насны 971.4 мянган хүүхдэд 110.6 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмж болгон олгожээ.