Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын сенатор FaceApp-ийг шалгахыг уриалжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын сенат дахь цөөнхийн бүлгийн дарга Чак Шумер хүний хөрөг зургийг хувиргадаг гар утасны аппликэйшн үндэсний аюулгүй байдал, хүний хувийн мэдээлэлд аюул учруулж байгаа эсэхийг мөрдөн шалгахыг уриалжээ.

FaceApp нэртэй энэхүү аппликэйшнийг Оросын компани хөгжүүлсэн юм байна.

Уг аппликэйшн хэрэглэгчийн хувийн гэрэл зургууд, мэдээлэлд бүрэн хандах эрх шаарддаг нь “үндэсний аюулгүй байдал болон сая сая Америкчуудын хувийн мэдээллийг эрсдэлд оруулж байж болзошгүй” хэмээн Шуммер Холбооны Мөрдөх Товчоо, Холбооны Худалдааны Зөвлөлд өчигдөр бичсэн захидалдаа өгүүлжээ.

Санкт Петербургт үйл ажиллагаа явуулдаг Wireless Lab компанийн хөгжүүлсэн FaceApp аппликэйшн 2017 оноос хойш 80 сая гаруй хэрэглэгчтэй болоод байгаа.

FaceApp нь хувиргах зургаа сервер руу хуулахыг шаарддаг бөгөөд ингэж цуглуулсан хүмүүсийн зургийг юунд ашигладаг нь тодорхойгүй гэж Шумер үзэж байна.

Wireless Lab компани хувь хүмүүсийн гэрэл зургийг гуравдагч этгээдэд дамжуулдаггүй, хуулсан зурагнуудын ихэнх хэсэг 48 цагийн дотор серверээс устгагддаг гэж хариу мэдэгджээ.

 

Эх сурвалж: Reuters