Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Мексикийн хар тамхины мафийн босс АНУ-д бүх насаар хоригдох ял сонслоо

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Мексикийн хар тамхины Синалоа картелийн босс “Эль Чапо” хочит Хоакин Гузманд АНУ-ын шүүх өчигдөр бүх насаар хорих ял оноолоо.

Өнгөрсөн хоёрдугаар сард Нью Йоркийн холбооны шүүх 62 настай Гузманыг хар тамхи хилээр нэвтрүүлсэн, мөнгө угаасан зэрэг нийт 10 төрлийн гэмт хэрэг үйлдсэнийг нь тогтоосон юм.

Өчигдрийн шүүх хурлаар бүх насаар хорих ялаас гадна галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэрэгт нь нэмэлт 30 жил хорих бэлгэдлийн ял оноожээ. Бас АНУ-д хар тамхи зарж олсон $12.6 тэрбумын орлогыг буцаан төлүүлэх шийдвэр гаргасан байна.

Мексикт хоригдож байхдаа хоёр удаа шоронгоос оргосон Гузманыг 2017 онд АНУ-ын талд шилжүүлж өгсөн юм. Өчигдөр шүүх хурлын дараа түүнийг үлдсэн бүх насаа өнгөрөөх Колорадо дахь өндөр хамгаалалттай шоронд шилжүүлжээ.

Шүүхийн танхимд үг хэлэхдээ Гузман АНУ-д өнөөдрийг хүртэл хоригдсон нөхцөл байдлаа “тамлан зовоолт” байсан хэмээн гомдоллож, шүүх хурлыг шударга бус болсон гэж мэдэгдсэн байна.

Гузманы өмгөөлөгч Жэффри Лихтман шүүх ажиллагаа хэвлэл мэдээллийн дуулианы нөлөөн дор шударга бус болсон тул давж заалдах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ.

“Эль Чапо” (испани хэлээр намхан гэсэн үг) нь Мексикийн умард хэсэгт хар тамхины картелийн үйл ажиллагааг удирдаж байсан юм. Тэрээр 1993 онд цагдаа нарт алагдсан Колумбын Пабло Эскобарын дараа тодорсон хамгийн том хар тамхины гэмт хэрэгтэнд тооцогддог.

АНУ-ын хамгийн том хар тамхины нийлүүлэгч болсон түүний хөрөнгийг 2009 онд Форбс сэтгүүл $1 тэрбум орчим гэж тооцоолж, дэлхийн баячуудын жагсаалтын 701 дүгээрт оруулж байжээ. 

Гузманы эхлүүлсэн Мексикийн хар тамхины бүлэглэлүүдийн дайн 10 гаруй жил үргэлжлэх хугацаанд 100,000 орчим хүн амиа алдсан гэдэг.

 

Эх сурвалж: BBC