Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Налайхын зам дагуу баригдаж буй явган болон дугуйн замтай нүхэн гарцын ажил 18 хувьтай байна

ikon.mn
2019 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Налайх дүүрэгт ажиллалаа. Энэ үеэрээ Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын явцтай танилцаж, холбогдох албан тушаалтнуудад замын ажлыг төлөвлөсөн хугацаанд хурдан шуурхай, чанартай хийж гүйцэтгэх үүрэг чиглэл өгч ажиллав.

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын хүрээнд хоёр урсгалтай, явган болон дугуйн замтай нүхэн гарцыг хийж байгаа юм. Энэ гарцын ажлын гүйцэтгэл 18 хувьтай явж байна. Бусад замын ажлууд төлөвлөсөн графикийн дагуу хийгдэж байгааг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Г.Баттогтох хотын Захирагчид танилцуулсан юм.  

 
 

Хотын Захирагч С.Амарсайхан “Замын ажлыг хийж гүйцэтгэхэд хяналт тавьж байгаа компаниуд хяналтаа сайн хийж, шаардлагаа өндөрсгөж ажилла. Санхүүжилтийн асуудал шийдэгдсэн байхад ажил удаашрах асуудал байх ёсгүй. Өдөр, шөнийн ээлжээр ажилла. Гол нь чанар стандартад нийцсэн, гүйцэтгэлийг сайн хангаж ажиллах шаардлагатай. Зам дээрх ажиллах хүн хүчээ нэм, ажлаа эрчимжүүл. Нийслэлчүүдийн хувьд энэ зам нэг цаг, нэг хоногийн өмнө ч гэсэн ашиглалтад орох нь нэн чухал байна” гэдгийг онцолж хэлэв.

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам нь хоёр эгнээ байсныг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилж байна. Замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилснээр алслагдсан дүүргийг нийслэлтэй холбох, Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг олон талын давуу тал бий болох юм.                                                                                           

 


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс